-ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь ажил хийх эрхтэй ч бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх үүрэгтэй-
ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Сануулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух, 41 настай эмэгтэй нас барсан байдаг.
Үзлэг шалгалтаар талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон юм. Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан ба түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон юм.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба шалгалтын явцад хэд хэдэн ноцтой мэдээлэл ил болоод байна.
Тухайлбал, талийгаач эмэгтэй нь архины хамааралтай нэгэн байсан гэх ба хамтран амьдрагчийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулахад мөн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ. Түүнийг ХӨСҮТ-д хяналтад аваад байгаа ба хавьтагч нарыг илрүүлэх тандалт судалгаа явуулж эхэлсэн хэмээн албаныхан мэдээллээ.
Түүнчлэн талийгаач нь өвчний улмаас ил харагдах газар /гар, шууны хэсэг гэх мэт/ олон тооны шархтай байсан бөгөөд
тэрбээр Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн цайны газарт бэлтгэгчээр ажилладаг байжээ. Дээрх иргэн нь гал тогооны хэсэгт хүнсний бүтээгдэхүүнд хүрэлцдэг, хутга, иртэй зүйлтэй үргэлж харилцдаг байсан ба гарын ил харагдах хэсэгт шархтай байсан нь хүнсний бүтээгдэхүүнд цус орох, улмаар халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Талийгаачийг ажиллуулж байсан цайны газар нь түүнийг өвчтэй гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг өгч байгаа аж.
Угтаа бол хоол үйлдвэрлэл, хүнсний салбарт ажиллах ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулсан байх шаардлага тавигддаг. Гэтэл дээрх цайны газар эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг онцолж байна. Дээрх цайны газарт өдөрт дунджаар 70 хүн хооллодог гэж бодоход өнгөрсөн хугацаанд хэдэн хүн эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэлд орсныг тооцоолоход бэрх юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс хүний амь нас хохирсон хэргийг шалгахад оролцож байгаа ба ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийг хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан асуудалд хяналт тавих чиг үүрэггүй гэх тайлбар өгч байна. Харин энэ асуудалд дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт оруулах, хоол үйлдвэрлэлийн салбарын ажил олгогч нарт шаардлага тавих үүрэгтэй.
Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй, тэднийг халдвар тээгч хэмээн ялгаварлаж үзэх нь зохимжгүй ч энэ төрлийн өвчтөнүүд зохимжит хөдөлмөр эрхлэх, бусдын эрүүл мэндийг мөн эрсдэлд оруулахгүй байх үүрэг хүлээдэг байх шаардлагатай болжээ. Энэ асуудалд мөн ХӨСҮТ-өөс судалгаа хийж, хяналт тавих, эдгээр тээгчид бусдад халдвар халдаахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дээрх хэрэг харуулж байна.
эх сурвалж: https://news.zindaa.mn/
Сэтгэгдэл