Израйлийн компани хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой шавж үржүүлж, худалдаалж байна


 Израилийн гарааны компани болох "Стейк ЦарЦар” хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой шавжийг тусгай орчинд үржүүлж, худалдаалж байна. Тус компанийн царцаа, өт зэрэг нь химийн бодис, пестицидгүй эрүүл орчинд үрждэг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж сурталчилж байгаа юм.


 

Мөн эдгээр бүтээгдэхүүн уургаар баялаг, хямд төсөр тул дэлхий дээрх хүнс тэжээлийн хомсдлыг шийдвэрлэх, эрдэс бодисын дутагдлыг бууруулах шийдэл гэж "Стейк ЦарЦар” компани үзэж байна. Царцаа л гэхэд биеийнх нь 70 орчим хувь нь цэвэр уураг байдаг. Иймээс Израйлийн компани хүнс тэжээлийн хомсдолд нэрвэгдсэн Зүүн Африкийн бүс нутагт салбараа байгуулж, хүмүүст зах зээлийн үнээс доогуур өртгөөр бүтээгдэхүүнээ худалдахаар төлөвлөж байна.

Царцаа маш хурдан үрждэг. Хоёр мянган царцаа зөвхөн хоёр сарын дотор л гэхэд нэг сая гаруй болж үржих чадвартай. Иймээс өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдийг хүнс тэжээлийн хомсдлоос гаргах оновчтой, тогтвортой хөгжилд нийцсэн шийдэл бол шавжийг хоол хүнсэнд хэрэглэх явдал гэж "Стейк ЦарЦар”-ын удирдлага хэлж байна. Албан мэдээнээс үзэхэд дэлхийн 9 хүн тутмын нэг өлсгөлөнд нэрвэгдсэн, мөн 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын тал хувь нь хүнс тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөр өлсгөлөнд нэрвэгдсэн бүх хүүхдийг хооллоход жил бүр 3,2 тэрбум доллар шаардлагатай гэж тооцоолжээ. Харин хүнсэн дэх шавжны хэрэглээг нэмэгдүүлсэн нөхцөлд энэ зардлыг эрс бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.