Хүн төрөлхтөн тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийхээ 30-40 хувийг иддэггүй, хаягдаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Ургац хураах, тээвэрлэх үеэр мөн, хугацаа дууссан гэх шалтгаанаар дэлгүүр, хэрэглэгчдийн хог руу чулууддаг хүнс хөдөө аж ахуйгаас хаягддаг хүлэмжийн хийн бохирдлын 14 хувийг дангаараа бүрдүүлж байна.
Хоол хүнсний хаягдлыг багасгавал уур амьсгалын өөрчлөлтөнд хүргэдэг олон төрлийн хийн бохирдол багасч, байгалийн онц аюултай үзэгдэл болох, далайн түвшин нэмэгдэх зэргээс сэргийлэх боломжтой гэж Германы эрдэмтэд пүрэв гарагт мэдээллээ. 2050 он гэхэд зөвхөн хоол хүнсний хаягдал, илүүдэл, ургац алдах явдал хөдөө аж ахуйгаас хаягддаг хүлэмжийн хийн бохирдлын 14 хувийг дангаараа эзлэх дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ бид хүнсний хэрэглээ, түгээлтийг сайжруулж чадвал хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэж Германы Поцдам уур амьсгалын нөлөөний судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Хөдөө аж ахуй нь уур амьсгалын өөрчлөлтөнд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг бөгөөд 2010 оны байдлаар дэлхийн хүлэмжийн хийн хаягдлын 20 хувийг дангаараа эзэлж байсан. Барууны улс орнуудтай адил мах түлхүү хэрэглэх хандлага дэлхийд хүн амаараа тэргүүлэгч Хятад, Энэтхэгт нэмэгдэж байгааг эрдэмтэд онцолжээ. Дэлхийн нэг хүний хоол хүнсний хэрэглээ тогтмол байгаа ч сүүлийн 50 жилд хоол хүнсний олдоц, хангамж эрс нэмэгдэж, хүнсний илүүдэл 300 хувь давсан байна.
Сэтгэгдэл