Монголчууд бид 2019 оноо үдэж, 2020 оноо угтах шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Бараг арванхоёрдугаар сар гарангуут л албан байгууллага, найз нөхдөөрөө нийлэн шинэ жилээ тэмдэглэж, өдөр алгасахгүй баярлаж, наргиж цэнгэсэн гэхэд хилсдэхгүй.
Харин үүнийхээ гороор олон арван залуучуудаа нөгөө ертөнц рүү илгээснээ өнөөдөр л анзаарч, тоо баримт харан толгой сэгсэрч суугаа нь харамсалтай. Тодруулбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд нийслэл хотын хэмжээнд нийт 1200 орчим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн алба хаагчдад баригдсан байна. Харин 50 гаруй согтуу жолооч зам тээврийн осол гаргаж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд их, бага хэмжээний хохирол учруулжээ. Түүгээр ч зогсохгүй согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 10 хүн амь насаа алдсан байна.
Мөн арванхоёрдугаар сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд буюу гуравхан хоногийн хугацаанд архинд хордох, согтуу явж байгаад осгох гэх мэт шалтгаанаар найман хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, хөлдөлт, осголтоор 3, архины хордлогоор 1, хоолны хордлогоор 1, бусад ослоор 3 хүн тус тус нас барсан гэдгийг албаныхан онцолж байна. Энэ тоог гурван өдрөөр нь биш 30 хоногоор нь тоолвол хэчнээн хүний амь нас "үрэгдсэн” гэх тоон мэдээлэл гарах бол гэж бодохоос ч аймар байна.
Энэ мэтчилэн шинэ жилийн баяртай холбоотой мэдээлэл, тоо баримтууд ар араасаа хөвөрсөөр байна. Харамсалтай нь дийлэнх нь ажлын, найзуудын, салбарын шинэ жил дээрээ архи хэтрүүлэн хэрэглэснээс болж харамсалтайгаар амиа алджээ гэх утгатай хар бараан мэдээлэл.
Үүн дотроос сэтгэлд гэгээ татуулсан ганц мэдээлэл нь "Түмэн Шувуут” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаярын нүүр номондоо нийтэлсэн "ирэх шинэ жилээр үр дүнгийн хурал хийж, шинэ жилд зарцуулах зардлаа нийт ажилчиддаа нэмэгдэл цалин болгож өгнө” гэх мэдээлэл байлаа.
Энэ бол ирэх жилийн шинэ жилээр энэ жилийн алдаагаа давтахгүй байх хамгийн зөв гарц, хамгийн зөв шийдэл юм. Тиймээс бид ирэх шинэ жилээр илүү олон хүнийг эцсийн замд нь үдэх сонголт хийхгүй байхыг албан байгууллага, ААН-үүддээ уриалж байна.
Ингэхдээ, энэ шинэ жилээр Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн даргын гаргасан шинэ жил тэмдэглэхгүйгээр, холбогдох зардлыг ажилтнууддаа хуваан өгөх шийдвэр болон "Түмэн Шувуут” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаярын гаргасан ирэх шинэ жилээр шинэ жилд зарцуулах зардлаа нийт ажилчиддаа нэмэгдэл цалин болгож өгөх тухай шийдвэрээс үлгэрлэж, бүх байгууллагууд дотооддоо хэрэгжүүлж чадвал олон гэр бүлд баяр баясал нэмсэн шинэ жилийн баярын хамгийн том бэлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Т.ГЭРЭЛ
http://www.zaluucom.mn/read/420562bc4
Сэтгэгдэл