АНУ хилээр нэвтрэх хоригийн жагсаалтаа өргөтгөж магадгүй


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хилээр нэвтрэх хоригийн жагсаалтдаа Беларус, Эритрей, Киргиз, Мьянмар, Нигери, Судан, Танзани зэрэг долоон орныг нэмж оруулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлснийг "Wall Street Journal” сонин уламжилжээ.

"Wall Street Journal” сонинд мэдээлснээр, дээр дурдсан улс орнуудын иргэдийг АНУ руу аялахыг бүрмөсөн хориглохгүй бөгөөд зарим орны визийн төрөлд хязгаарлалт тогтоох төлөвтэй байгаа ажээ. АНУ-ын засаг захиргаа энэ тухай шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа гэдгийг уг мэдээллийг өгсөн эх сурвалжууд онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гарагт "Wall Street Journal” сонинд гарсан мэдээллийг үнэн болохыг баталсан боловч хилээр нэвтрэх хоригийн жагсаалтад ямар орнуудыг оруулах талаар дурдаагүй байна. "Дэлхий даяар аюулгүй байдлын асуудал тулгамдаж буй өнөө үед улс орноо хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол хилээр нэвтрэх хориг юм" гэж Д.Трамп хэлжээ.

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.