Ахмадуудын зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх тухай хууль гарсны дагуу энэ сард ахмадууд тэтгэврээ бүтэн авсан. Гэхдээ арилжааны банкууд дээрх тэтгэврийн зээл тэглэгдээгүй хэвээр байгаа. Тэгвэл ахмадуудын арилжааны банкан дахь зээлийн үлдэгдлийг "Эрдэнэс Монгол” ХК-ийн бондоор сольж, тэглэхээр боллоо.
Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын удирдлагатай уулзав. Уулзалтын үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн "Манай банк 504 салбартай, актив 3.4 их наяд, 1.9 их наядын зээлийн багцтай байгаа. Мөн 223 тэрбум зээлийн багцтай, 160 мянган ахмадад тэтгэвэр олголт хийдэг. Төрийн банк хуулиа биелүүлж, тэтгэврийн зээл тэглэх ажлын хэсэгтэй хамтран ажиллана” гэлээ.
Шинээр гаргаж буй "Эрдэнэс" бонд нь зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байна.
Шинээр гаргаж буй "Эрдэнэс" бонд нь зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байна. Уг бондоор зээлийн үлдэгдлийг солих ажлын хүрээнд 695 тэрбум төгрөгийн гэрээг арилжааны банкуудтай хийснээр ахмадуудын тэтгэвэр бүрэн тэглэгдэх юм. Түүнчлэн "Эрдэнэс Бонд”-ын үнийн дүн дотор зээлгүй 194 мянган ахмадуудад 2021 онд олгох үнэт цаас, 1 сая хүртэлх зээлтэй ахмадуудын асуудал бүгд багтаж байгаа юм.
Цаашид ахмадуудад тэтгэврийн зээл олгох эсэх асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудтай хэлэлцээр хийж байгаа бөгөөд тэтгэврийн зээл биш гурав хүртэлх сарын хугацаатай тэтгэврийн урьдчилгаа олгодог байх шийдэл ч гарсан гэдгийг холбогдох албаныхан дуулгалаа.
"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү "Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. "Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ" гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил. Үүнийг амжилттай хийж дууссанд талархаж байна. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно" гэв.
Сэтгэгдэл