Биологичид арьсны нянгаар хүний насыг тооцоолох арга боловсруулжээ


Америкийн молекулын биологичид хүний насыг арьсных нь микрофлорын дээжээр тооцоолох алгоритм боловсруулсан тухай "mSystems” сэтгүүлд мэдээлжээ.

"Ийм арга хэрэгсэл бий болсноороо хүний биеийн хөгшрөх үйл явцад, мөн хөгшрөлттэй холбоотой өвчнүүд үүсэхэд микрофлор нь ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгоход бидэнд тус дөхөм болно. Нэмж хэлэхэд, хөгшрөлтийг удаашруулдаг янз бүрийн эм амьтан болон хүний бие махбодын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг бид одоо шалгаж чадна” гэж Сан-Диего хот дахь Калифорнийн их сургуулийн биологич Сюй Жензян ярьсан байна. 

Хүний биед бидний өөрийн эд эсүүдээс арав дахин их бактери, мөөгөнцөр болон бусад микрофлор амьдардаг. Эдгээр нэг эстэй нянгууд нь хоол боловсруулалт, бодисын солилцоонд идэвхтэй нөлөөлөөд зогсохгүй амьдралын бусад зүйлд, тэр байтугай хүний зан төлөвт нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, гэдэс, ходоодон дахь микрофлорын зарим төрлийн микробууд нь хорт хавдар болон бусад өвчин үүсэх магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг аж. 

Сюй болон түүний хамтрагчид хүний насыг урьдчилан тодорхойлоход хүний биеийн зарим хэсгийн болон эд эрхтний микрофлорыг ашиглаж болно гэдгийг тогтоожээ. Ингэхдээ тэд сайн дурынхан "American Gut Project” төслийн хүрээнд нэрээ нууцлан эрдэмтдэд илгээсэн шүлсний болон бусад шүүрлийн дээжийг шинжилсэн байна.

Микрофлор ба нас

Биологчид энэ төслийн мэдээллүүдийг ижил төстэй мэдээллийн сантай нэгтгэж, нийтдээ гэдэсний микрофлорын 4400 орчим дээж, мөн АНУ, Канад, БНХАУ, Танзанийн оршин суугчдын арьс, шүлс дээр амьдардаг нэг эстэй организмын 2000 дээж болон 2 500 дээжтэй болжээ.

Микрофлорын дээжүүдийн эздийн хүйс, хоолны дэглэм, нас болон бусад шинж чанарын нийтлэг онцлог болон ялгааг тодруулахын тулд эрдэмтэд эдгээр био материалыг нарийвчлан судалж, тэдгээрийг хооронд нь харьцуулжээ. Энэ харьцуулалтаар микрофлорын төрөл тус бүрээс эмнэлгийн практикт ашиглах боломжтой хэд хэдэн сонирхолтой шинж чанарыг олж нээсэн байна.

Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүний гэдэс дотор амьдардаг бактерийн төрөл зүйл, бүтэц нь эрс ялгаатай байсан боловч шүлс, арьсны микрофлор нь онц ялгаагүй байжээ. Үүнтэй адилаар арьс, шүлсний микрофлорын бүтэц нь сайн дурынхныг нас ахих тусам мэдэгдэхүйц өөрчлөгдөж байсан бол гэдэсний нянгуудын хувьд онцгой өөрчлөлт гараагүй байна.

Энэ нь хүний насыг шүлс, арьсан дээр амьдардаг бактерийн бүтэц, төрөл зүйлээс хамаарч ойролцоогоор 3.8 ба 4.5 жилийн нарийвчлалтайгаар тооцох боломжтой байсан бол хоол боловсруулах эрхтний микрофлорын хувьд энэ үзүүлэлт 11.5 жил байжээ.

Эдгээр ялгаа нь арьс, амны хөндийд амьдардаг микробуудын амьдрах орчин бүх хүний хувьд ижил байдлаар өөрчлөгддөг харин гэдэс дотор байгаа бактери, мөөгөнцөр, вирусний амьдрах хугацаа нь хүн бүрийн хоол хүнснээс ихээхэн хамаардагтай холбоотой гэж эрдэмтэд үзжээ.

Судалгааг нь илүү нарийвчлалтай болгоход, мөн микрофлор ба хүний бие организмын бүхий л үйл ажиллагаа хоорондын харилцан уялдаа холбоог олж мэдэхэд хиймэл оюун ухааны шинэ аргууд, мөн дээрх мэдээллүүдэд хийх цаашдын дүн шинжилгээ тус болно гэж эрдэмтэд найдаж байна.

Д.Жаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.