КОВИД-19 өвчлөлийг үүсгэдэг шинэ төрлийн коронавирус битүү орчинд агаарт 30 хүртэл минут амьдарч, 4.5 метр зайд тархах чадвартай аж. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон "аюулгүй зай” буюу хоёр метрийн зайнаас хол тархах аюултайг илтгэж байна гэж судалгаа хийсэн Хятадын халдварт өвчин судлаачид анхааруулжээ.
Хятадын South China Morning Post сонинд мэдээлснээр, Хунань мужийн эрдэмтэд коронавирусээр халдварласан амны хаалт зүүгээгүй өвчтөн сууж явсан холын зайн автобусанд вирус тархсан тодорхой тохиолдлыг судалсан байна. Өвчтөн автобусанд түүнээс янз бүрийн зайд сууж явсан долоон хүнийг халдварлуулсан байна. Тэдний дотор түүнээс 4.5 метр буюу зургаан суудлын зайтай сууж явсан хос халдвар авсан байна. Түүнчлэн, эл рейсийн зорчигчид бууснаас хойш 30 минутын дараа дараагийн рейсээр суусан нэгэн зорчигчид коронавирус халдварлажээ.
Түүнчлэн, коронавирус өвчтөн ханиах эсвэл найтаах үед амьсгалын замаар цацагдсан шүлс, шингэний дусал туссан гадаргуу дээр хэдэн хоногийн турш амьдрах чадвартай болохыг эрдэмтэд мөн тогтоожээ. Ингэхдээ халдварын гадаад орчин орших хугацаа тухайн орчны температур болон тухайн гадаргуун материалаас шалтгаалдаг байна. Тухайлбал, Цельсийн +37 хэмд вирус шил, даавуу, төмөр, хуванцар болон цаасан гадаргуу дээр хоёроос гурав хоногийн туршид идэвхтэй байх чадвартай аж. Хятадын эрдэмтэд гараа тогтмол угаах, олон нийтийн газар ялангуяа тээврийн хэрэгсэл зэрэг битүү орчинд амны хаалт зүүх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд маш чухал болохыг онцгойлон анхааруулсан байна.
Сэтгэгдэл