“Там”-аас шууд “Тэнгэр”-т залрана ч гэж юу байх вэ


Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг “там”-ын зам болгочихоод өдгөө “Тэнгэрийн тойрог” гээч гүүрэн замтай болох тухай мэдэгдээд байна. Тодруулбал, 800 сая ам.долларын өртөг бүхий 6-12 м өндөрт 13 км урттай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй “Тэнгэрийн зам” гүүрэн байгууламж, 60.7 сая еврогийн өртөг бүхий 4 4.9 км урттай дүүжин тээврийн хэрэгслийн төсөл. Ёстой л “даахгүй нохой булуу хураана” гэгчээр замын эхний бүтээн байгуулалтын ажлаа дуусгаагүй хэр нь дараагийн төслийнхөө талаар том дуугарч байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй биш гэж үү.

Яг үнэндээ 2019 оны 7 сараас хойш Дарханы замд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн амиа алдсан байдаг. Цаашид ч хэдэн хүн амиа алдаж, хичнээн хүн санхүүгийн хувьд хохирол амсахыг бүү мэд. 

Гэтэл өнөөх нь бахь байдгаараа. Бүтээн байгуулалтын ажил эхлэх үе нь ирсэн ч тендер авсан компанийнхан нь байхгүй. Байхгүй ч гэж дээ сар орчмын өмнө Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан коронавирсусээс болоод Дарханы замын ажил гацчихсан гэдгийг дуулгаж байна билээ. Учир нь бүтээн байгуулалтын ажлыг нь хийнэ гэж эхлүүлсэн Хятадын компаниудын хүмүүс нь эх нутагтаа очоод таг гацчихсан учраас хугацааны хувьд хойшлох нь гэдгийг мэдэгдсэн. Тийм байтал өдгөө дараагийн төслөө яриад баахан зам, гүүрийг шинэчлэх тухай ярьж байна.

Эрхэм сайдтан энэ бүхнийхээ оронд тендерт ялсан гээд байдаг урд хөршийн компаниудтайгаа гэрээгээ эргэн харж, тохиролцооч. Тэднийхээ оронд үндэсний буюу монголын аж ахуйн нэгжүүдээ Дарханы замын бүтээн байгуулалтад татан оролцуулах хувилбарыг сонгож болно. Угаасаа туслан гүйцэтгэгчид нь бүгд монгол компани байдаг шүү дээ. Та эхлээд Дарханы буюу газрын замынхаа учрыг олж, хужрыг тунгаачихаад “Тэнгэрийн тойрог” замд санаархсан нь дээргүй юу. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цагт өмнөхөө дуусгалгүй дараагийн төслийн тухай шуугиулж байгаа нь төслөөс мөнгө тонших нь уу гэх хардлагыг төрүүлж байна.

 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.