Сонгуулийн “оноо авах” гээд бизнесүүдээ “золигт гаргадаг” ЗГ


Монгол гэлтгүй дэлхийг айлган, сандаргаж буй “КОВИД 19”-өөс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг Хүрэлсүхийг Засгийн Газар их гүрнүүдэд үлгэр жишиг болохуйц авч, хэрэгжүүлж байгаатай маргах хүн цөөн биз ээ. Харамсалтайн энэ аймшигт тахлаас дутуугүй айдас хүйдсийг авчирч байгаа эдийн засгийн хямралын өмнө энэ засгийн газар хүчин мөхөстөв үү аль эсвэл мэдлэг дутав уу, бүү мэд. Зайлшгүй шалтгаанаас болж ихэнх бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоон, хөл хорионоос болж худалдан авалт багассан. Энэ цаг үед сурснаараа бүсээ чангалж буй Монголын бизнесүүдээ Засгийн Газар нь дэмжлэг үзүүлэхийн оронд хэдхэн сарын дараа болох сонгуулиа бодож аж ахуй нэгжүүдээ “галт тэрэгний урдуур түлхэж байна”. Цалинтай чөлөө олгох нь бүү хэл цалингаа ч тавьж чадахгүй байгааг мэдсээр байж шадар сайд Ө.Энхтүвшин хувийн хэвшлүүдэд 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгохыг “үүрэгдсэн”. Бизнесүүдээ зараад ч таны “тушаалыг” биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг өрөө ч бизнес хийж явсан хүн мэдмээр. Энэ бол зүгээр л боломжгүйг нь мэдсээр байж “оноо авах” гэсэн тоглолт байлаа. 

Энэ тоглолтын төлбөрийг ажилчдынхаа өмнө эвгүй байдалд орсон бизнес эрхлэгчид төлсөн. Эвгүй байдал ч гэж дээ бизнесийн хамгийн үнэт зүйл, хөдөлгөх хүчин зүйл болох ажилчдын сэтгэл зүй, урам зоригт маш том цохилт болсон. Засгийн Газар өчигдрийн ээлжит хурлын шийдвэрээрээ аж ахуй нэгжүүддээ дахин нэг “бэлэг” барьсан нь хэрэглээний зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 90 хоног төлөхгүй байх боломжоор иргэдээ хангах байлаа. Уг зээлийг авсан хүмүүсийн 90 гаруй хувь нь хувь хүмүүс байдаг аж. Зээлтэй бизнесүүд чинь яах юм бэ. Бизнесүүд ядарсан ард иргэдтэйгээ барьцаж байгаа мэт сонсогдож магадгүй. Гэхдээ жижиг дунд бизнесүүдийг чинь ядарсан ард иргэд чинь амьдралаа дээшлүүлэх гэж, заримдаа өр ширэнд орон хийдэг юм шүү дээ. Дээрээс нь энэ зээлийг авсан ард иргэдийн чинь цалинг тавьдаг компаниуд хаалгаа барьчих юм бол яах юм бэ, 90 хоног өнгөрсний дараа бүгдээрээ улсад ажилд орох уу. Засгийн Газар ажлын байр, цалингаар хангах уу. Тэр ч нээрээ энэ Засгийн Газарт хамаагүй л дээ. Нэгэнт хамгийн амьдралд ойрхон зүйл болох зээлийг нь түр хугацаанд хойшлуулаад “оноогоо цуглуулчихсан”, “уснаас хуйраа гарах” аргаа олчихсон шүү дээ. Засгийн Газрын эс үйлдлээс болоод бизнесүүд хэдэн зуугаараа дампуурсан ч эздийнх л буруу, Засгийн Газар маань ард иргэдээ дэмжсэн. Яагаад бизнесүүдээ ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх ба газрын хураамжаас нь чөлөөлж болохгүй байгаа юм бэ. Ядаж ус, цахилгааны мөнгийг нь хөнгөлөхгүй юм уу. 

Дээрээс энэ үед банкнуудаа чангалахаар эргээд банкнууд нь сурснаараа иргэд, жижиг дунд бизнесүүдээ “шулна”. Хаа сайгүй бэлэн мөнгөний хэрэгцээ өндөр байгаа энэ үед бид банк руу бизнесийн юм уу эсвэл хувийн зээл хүсээд очихоор мөнгөгүй гээд зээл гаргахгүй. Мөнгөтэй байсан ч зээлийн хүүг нь хойшлуулах мэтийн шийдвэр “хүчлэн” гаргаж байгаа үед манай банкнууд амиа бодоод суучихна. Ядаж будаа идэг гээд дэлхийн бусад улс орнуудын гаргаж буй зарим шийдлүүдийг дурдьяа. АНУ Гуравдугаар сарын 15-ны өдөр бодлогын хүүгээ 0.00-оос 0.25 хувь болгож буулгасан. Гуравдугаар сарын 12-ны өдөр банкнуудынхаа мөнгөн эргэлтийг 1.5 их наяд ам.доллароор нэмэгдүүлснээр богино хугацааны зээл олголтыг дэмжсэн. Гуравдугаар сарын 17-ны өдөр бизнесүүдийг 10 сая хүртэл, хувь хүмүүсийг 1 сая хүртэлх ам.долларын татварын төлөлтөө 90 хоног хойшлуулах боломжоор хангасан. Агаарын тээврийн зах зээлийг дэмжихэд 50 тэрбум, жижиг бизнесүүдийг дэмжихэд хамгийн багадаа 500 тэрбум ам.долларыг төсөвлөсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө өгөх боломжийг илүү өргөн болгож, уг цалинтай чөлөөг өгсөн бизнесүүдэд дараа нь татвараас чөлөөлөгдөг эрх олгосон. Хонг Конг ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх ба бизнесийн татваруудыг бууруулсан Хүү багатай, Засгийн Газрын баталгаатай зээлүүдийг бизнесүүдэд санал болгож байгаа Улсын байшингуудад амьдарч буй хүмүүсийн түрээсийн сарын төлбөрөөс чөлөөлсөн БНХАУ Банкны салбар уугаа 245 их наяд ам.доллар хийж, шинэ зээл олголтыг дэмжсэн. Татваруудыг бууруулахаар ажиллаж байгаа хэмээн мэдээлэл өгсөн Нийт жагсаалтыг доороос харна уу.

https://www.investopedia.com/government-stimulus-efforts-to-fight-the-covid-19-crisis-4799723

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.