Умард Энэтхэгийн Ришикеш хотын цагдаагийн газар тус улсад хэрэгжиж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчсөн гадаадын иргэдэд нэгэн өвөрмөц шийтгэл оноожээ. Израйль, Мексик, Австрали, Австрийн 10 жуулчин цаасан дээр “Би хөл хорионы дэглэмийг зөрчсөнийхөө төлөө чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэсэн өгүүлбэрийг тус бүр 500 удаа давтаж бичих шийтгэл хүлээсэн байна.
Ришикеш хотод 1968 онд Битлз хамтлагийн гишүүд даяанчлахаар ирж байсан түүхтэй. Одоо тус хотод гадаадын нийт 700 гаруй жуулчин байгаа гэнэ.
Гадаадын иргэд хөл хориог зөрчсөн хэрэг нэмэгдэж байгаа тул зочид буудлуудад жуулчдыг зөвхөн дагалдах хүнтэйгээр гадагш гаргаж байх чиглэл өгсөн байна.
Энэтхэг улсад гуравдугаар сарын сүүлчээс эхлэн 21 хоногийн хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Ерөнхий сайд Нарендра Моди маргааш хугацаа нь дуусах байсан хоригийг дахин 14 хоногоор сунгажээ. Энэтхэгийн цагдаа нар дэглэм зөрчигчидтэй өвөрмөц аргаар тэмцэж байгаа. Зарим хотод цагдаа нар коронавирусийн хэлбэртэй дуулга өмсөж, вирусийн аюулыг иргэдэд анхааруулах болсон байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл