УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та, цар тахлаас ашиг олж ханахгүй байна уу


-"Монос" техникийн спирт ашигласан нь эрүүл мэндийн заналхийлэл үү-

Болдогсон бол "Монос”-ын эмийн сан, үйлдвэрийг хаачихаасай хэмээн халагламаар болж байна. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үеэр эхлээд амны хаалтныхаа үнийг нэмж баахан ашиг олсон. Одоо бас гар ариутгагчаа техникийн спиртээр хийдгийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагынхан баталчихлаа. Ёстой л "зовлон ихдэхээр лам таргалж, зуд болоход нохой зоолно” гэгч энэ байх. "Монос”-ынхон чинь арай л баярлаж суугаа юм биш биз дээ гэх хардлагыг ч төрүүлж эхэллээ.

Үндэсний үйлдвэрлэгчийн хэмжээнд хүртлээ "томорсон” энэ компанийн ард УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бий. Нэгэнтээ түмний хүндлэлийг хүлээж төрд зүтгэж явсан хүн эргээд иргэд байтугай төр рүүгээ ч нулимна чинээ хэн санах билээ. 

Учир нь МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Улсын онцгой комиссын шуурхай штабын хурлын үеэр гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалтад  хийж нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН-ийг хамруулахад "Монос", "Нахиа импекс" компаниуд техникийн спиртээр гар ариутгагч хийсэн нь тогтоогдсон гэдгийг мэдэгдсэн.

Гэтэл хэдхэн цагийн дараа "Монос” хийгээд "Нахиа импекс”-ийнхэн мэдэгдэл гаргасан нь төрийг түмэнтэй нь доромжилж орхисон явдал болов. Тэд гар ариутгагчийн спиртээ АПУ-гаас авдаг хүнсний спирт шүү хэмээн том дуугарчээ. Бүхэл бүтэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нь техникийн спирт гээд бататгаад байхад л ҮГҮЙ гэж гүрийсээр байгаа нь үнэхээр эмгэнэл. Үнэхээр тийм байсан бол тухайн шалгалтын үеэр тэрхүү баримтуудаа Мэргэжлийн хяналтынханд үзүүлж, харуулахгүй яасан юм бол...

Түүгээр ч зогсохгүй техникийн спиртээр гар ариутгагч хийсэн тухай мэдээллийг цацаж буй хэвлэлийнхнийг ч хахуульдаж, дуугүй болгохоор шийдэв бололтой. Гэнэтхэн өнөөдөр сэтгүүлчдэд амны хаалт 10.000 ширхэгийг өгөх юм байх. Хууль зөрчсөн үйлдлээ авлига, хахуулиар аргалаад сурчихсан гэдгээ бататгаж байгаа хэлбэр л гэж ойлгогдож байна.

Төрд төөрөгдүүлсэн тайлбар хийж, хууль бус үйлдлээ далдалж, ширхэг амны хаалтаар сэтгүүлчдээс үнэнийг нуух гэж байгаа бол УУЧЛААРАЙ, ЭРДЭНЭЧИМЭГ гуай. Монголчууд өөрийг тань парламентад хүртэл залсны хариуд та иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж байхад хэнбугай ч бүр хууль ч таныг хамгаалах боломжгүйг эрхбиш мэдэж байгаа биз дээ.

ТЕХНИКИЙН СПИРТ

Тэгвэл техникийн спиртийн хор уршгийн талаар "Модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж нэрлэдэг бөгөөд  химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт хэрэглэдэггүй хорт бодис юм. Модыг хуурай нэрэх аргаар метилийн спиртийг гарган авах үед их хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Энэ спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч мөн гэр ахуйн зориулалттай цэвэрлэгээний бодисуудад агуулагддаг байна. Метилийн спирт (СН3ОН) нь маш хортой бөгөөд хvнсэнд хэрэглэж болдог этилийн спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн. Техникийн зориулалттай  энэ спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальдегид гэсэн хоёр хүчтэй хор болдог бөгөөд энэ хоёр хор нь хүнийг хордуулж үхэлд хүргэдэг байна.

Хувь хүний биеийн онцлог болон хэрэглэсэн хэмжээнээс хамаарч  хордлогын шинж тэмдэг нь хоорондоо бага зэрэг ялгаатай байх ба хөнгөн хордсон үед хурдан цуцах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараанд бага зэрэг гажиг орж нүд жирэлзэх, эд зүйл манантаж харагдах шинж тэмдэг илэрдэг байна. Дунд зэргийн хордолттой үед дээрх шинжүүд нь илүү хүчтэй илрэх бөгөөд 1-2 хоногийн дараа сохордог аж. Мөн тухайн хүний онцлогоос шалтгаалж хараа аажмаар сэргэх ч хэсэг хугацааны дараа дахин мууддаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэсэн үед хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулж, элэг гэмтээх төдийгүй амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэх аюултай” юм байна. 

Ийм хор хөнөөлтэй техникийн спиртээр хүн гараа ариутгах явцад шалбархай, зүсэлт зэргээр нь дамжин цусанд орох эрсдэлтэйг "Монос” бодолцож үзсэнгүй гэж үү. Энэ удаа л шалгалтаар илэрсэн нь энэ болохоос өөр хэзээ, хэдэн ч удаа ийм үйлдэл гаргасан байж болзошгүй гэдгийг хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах  хэрэгтэй.

Эх сурвалж: erennews.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.