Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ "Монголын ирээдүй, Монголын ардчилал, тэр дундаа АН-д маш том аюул нүүрлэж байгаа тухай сүүлийн хоёр жил тасралтгүй хэлж, сануулж, засах гэж оролдсон. Гэтэл сайжрах нь битгий хэл улам дордож буй тул өнөөдөр дахин хэлье. Корона, сонгууль хоёр өдөр бүр өрсөлдөж байгаа энэ өдрүүдэд иргэд маань УИХ-ын гишүүн болох хүсэлдээ шатсан нам болон горилогчдын "галзуурсан тоглолт"-ыг өдөр бүр үзэж байна.
Уг нь аль нам ялах вэ гэхээс илүүтэй өнөөдөр ард түмний амь нас, эрүүл мэнд нэгдүгээр асуудал юм. МАН 4 жил засаглахдаа засгаа хоёр сольж, улсын өрийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. 60 тэрбумынхан, ЖДҮ-чдээ хариуцлага тооцож чадахгүй байгаа, 65 суудал авчихаад юу ч хийж чадахгүй байгаа МАН-ынхан маань сонгуулийн сургаар гэнэт ингэж, тэгэж мандуулна гэх юм. Одоо хэн ч итгэхгүй.
60 тэрбумын тэргүүлэгчид ялгүй өнгөрч, МАН-ынхан 60 тэрбумаараа сонгуульдах гэж байгаа юм уу, эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг нь худал болж, төсвийн мөнгөөр сонгуульдах гэж байгаа юм уу. МАН-ынхан АН-ын нэр хүнд нь унасан С.Эрдэнэ даргатай нь сонгуульд оруулахаар чармайж байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр С.Эрдэнэ ч дуугарах бүртээ намынхаа нэр хүндийг улам унагаж, өнөөдөр АН маань нам биш төрийн эрх мэдлийн төлөөх хар зах болон хувирлаа.
Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-д мөнгөний босго тавьж, мэдлэг чадвартай, монголоо хөгжүүлэх сэтгэлтэй шударга гишүүд, нэр дэвших боломжийг хааж байна. Тэд газрын баялаг, газар дээрэмдэн баяжсан МАНАН мафид АН-ыг хаяж өглөө. Тэдний мөнгөнд барьцаалагдсан УИХ-ын гишүүдтэй болж болохгүй ээ Монгол Улс...
Өнгөн дээрээ С.Эрдэнэ сүг болж, үнэн хэрэгтээ АН-ыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Ц.Элбэгдорж гэдэг амиа хоохойлохын тулд дахин энэ намыг тоглоомын нам болгож, бүх хонгилын гардан гүйцэтгэгч болсон Б.Хурц АН-аас хэн нэр дэвшихийг заагаад сууж байна. Ардчиллаа бодоод, АН-аа бодоод, улс эх орныхоо маргаашийн эрх ашгийг бодоод Ц.Элбэгдорж энэ тоглоомоос гараа. С.Эрдэнэ ээ. Намайг АН-аас хөөгдсөн, явсан гэх мэт худал мэдээлэл гарсаар байна. Би АН-аас гараагүй. Гэхдээ 100 сая төгрөг тушаагаагүй" гэлээ.
Б.Аз
Сэтгэгдэл