АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер дотооддоо хэрэгжүүлж буй цэргийн зориулалттай хэд хэдэн бүтээн байгуулалтын төслийг сэргээж, харин гаднын орнуудад хэрэгжүүлж буйгаа түр хугацаагаар "царцаах” шийдвэр гаргасныг CNN мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн дагуу хана байгуулахад их хэмжээний хөрөнгө шаардагдах учир ийм шийдвэр гаргаж буйгаа тэрбээр онцолсон байна.
Санхүүжилтийг нь хасах бүтээн байгуулалтын төслүүдийн тоонд Европын саатуулах санаачилга (European Deterrence Initiative) буюу ОХУ-ын болзошгүй заналхийллээс сэргийлэх төвийн төсөл багтжээ. Санхүүжилтийг нь шийдэн дотооддоо хэрэгжүүлэх 22 төслийн нийт өртөг 545 сая ам.доллар болж байна. Коронавирусийн халдвар тархаж, хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед бүтээн байгуулалтын өндөр өртөг бүхий төслүүдийг ийнхүү сэргээж байгаа нь сонгуультай холбоотой гэж ажиглагчид онцолж байгаа юм. Нью-Йорк, Кентукки, Алабама, Аризона, Умард Каролина зэрэг Бүгд найрамдах нам, Ардчилсан намын гол өрсөлдөөн өрнөх бүсэд уг төслүүд хэрэгжиж эхлэх юм.
Кубын Гуантанамо шоронгийн холбоо, харилцааны үйлчилгээний төв, Европ дахь болзошгүй заналхийллээс сэргийлэх төв, Испанийн Рота хотын цэргийн тэнгисийн бааз дахь бага оврын усан онгоцны төв зэрэг бүтээн байгуулалтын төслийг зогсоож, санхүүжилтийг нь хилийн хана барихад зарцуулах гэнэ.
Ташрамд, АНУ-ын Сан-Диего, Эль-Сентро, Юма, Эл-Пасо болон Ларедо орчмын хилийн зурваст 280 км урт ханан хаалт барихаар төлөвлөж буй юм.
Эх сурвалж:https://edition.cnn.com
Сэтгэгдэл