Дэлхийн хүн амын гуравны нэг 2070 онд тэвчишгүй халуун нөхцөлд амьдарна


Ердөө 50 жилийн дараа дэлхийн 2-3.5 тэрбум хүн тэвчишгүй халуун нөхцөлд амьдрахыг шинэхэн судалгааны дүгнэлт харуулжээ. Ядуу тарчиг амьдралтайн улмаас тэд сэрүүцүүлэх техник ашиглах боломжгүй байх гэнэ. Хүний үйл ажиллагаатай холбоотой дэлхийн агаарын жилийн дундаж температур Цельсийн 1 хэмээр нэмэгдэх тутамд нэг тэрбум орчим хүний амьдрах орчин нөхцөл ингэж өөрчлөгдөхийг судалгаанд оролцсон Нидерландын Уагенинген их сургуулийн экологич Мартен Шеффер мэдэгджээ.

Судалгааны тайлан Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эрдэмтдийн тодорхойлсноор хүн төрөлхтний амьдралд хамгийн таатай бүс нутгийн агаарын жилийн дундаж температур Цельсийн 11-15 хэм ажээ. Харин энэ хэмжээ Цельсийн 29 хэмээс дээшлэхэд хүн амьдрах аргагүй болох гэнэ. Өнөөдөр ийм хэт халуун бүс дэлхийн газар нутгийн 1 орчим хувийг эзэлж, үүнд Сахарын цөл, Саудын Арабын Мекка орчим багтжээ.

Цаашдаа дэлхийн дулаарал нэмэгдэх тусам энэ бүс хүрээгээ тэлсээр Африк, Ази. Өмнөд Америк, Австралийн зарим хэсгийг хамрах юм байна. Жишээ нь энэ зууны сүүлээр хүн ам нь гурав дахин өсөх тооцоотой байгаа Нигери улсын газар нутгийн ихэнх хэсэг хэт халуун нөхцөлд шилжих ажээ. “Хэрвээ та мөнгөтэй бол саран дээр ч амьдарч болно. Гэвч ядуу амьдралтай, сэрүүцүүлэгч техник ашиглах боломжгүй хүмүүст энэ нь тэвчих аргагүй, тамын халуун байх юм” гэж судалгаанд оролцсон Английн Экзетэрийн их сургуулийн Глобал Системийн Хүрээлэнгийн захирал, цаг уурч Тим Лентон тайлбарлаж байна.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.