ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь


ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байсан билээ. Түүнийг нийтийн албан тушаал хашиж байх хугацаандаа хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн, уг хөрөнгө нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, нэгэнт албадлагын арга хэмжээнээс чөлөөлж байгаа тул эд хөрөнгийг хураан авах боломжгүй тухай шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Энэ хэрэгт төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр прокурор нэхэмжлэл гаргасан юм.

Уг нэхэмжлэлийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн билээ. Гэвч шүүхийн Тамгын газрын ажилтны буруутай үйлдлээс болж нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг нь засуулахаар буцаасан байдаг. Ийнхүү процессын зөрчлийг арилгуулахаар буцаасан байтал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Р.Ононгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хурааж, улсын санд төвлөрүүлэх нэхэмжлэлтэй хэргийг энэ оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон аж. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд прокурорын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Р.Ононгоос 644.9 сая гаруй төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.