Есдүгээр сарын нэгний өдөр хуучин Зөвлөлтийн орнуудад есдүгээр сарын нэгнийг хичээлийн шинэ жилийн нээлт буюу Эрдмийн баяр болгон тэмдэглэдэг. Харин сар орчим хугацаанд эсэргүүцэл намжихгүй байгаа Беларуст эрдмийн баяраар оюутнуудыг баривчилж энэ өдрийг "тэмдэглэв". Наймдугаар сарын еснөөс хойш үргэлжилж буй эсэргүүцлийн арга хэмжээг тойрсон үйл явдлууд есдүгээр сарын нэгний өдөр хэрхэн өрнөснийг ВВС, DW, tutby, Regnum агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэж байна.
Хичнээн хүн баривчлагдсан нь тодорхойгүй
Есдүгээр сарын нэгний өдөр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр Беларусын нийслэл Минск хотод 70 гаруй хүн баривчилснаас ихэнхийг нь сулласан ч зарим хүмүүс саатуулах газарт хонож, тэдний дунд сэтгүүлчид байсан талаар "Весна" хүний эрхийг хамгаалах төв мэдээлснийг ВВС дамжууллаа.
Олон нийтийн сүлжээгээр тарсан дүрс бичлэгүүдээс харахад тусгай зориулалтын цагдаагийн отряд болон цагдаагийнхан цугласан олон дундаас оюутнуудыг баривчилж байгаа нь харагдах аж. Мөн оюутнууд бөөнөөрөө зугтахад цагдаагийнхан араас нь хөөж баривчилжээ. Оюутнуудыг баривчилсны дараа хүчнийхэн сэтгүүлчдийг баривчилж эхэлсэн талаар ВВС мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Беларусын хоёр сэтгүүлч есдүгээр сарын нэгэнд жагсаал цуглааны үеэр ажлаа хийж яваад баривчлагджээ.
Беларусыг чиглэж мэдэх хориг арга хэмжээнүүд
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн беларусчууд ийнхүү тэмцсээр байгаа бол барууны орнуудад ч 26 дахь жилдээ төр барьж буй Лукашенког сонгууль луйвардсан гэж үзэн, тус улсад үүсэн улс төрийн хямралыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалж байгаа. Зөвхөн уриалаад ч зогсохгүй хориг арга хэмжээ тавьж эхлээд байгаа юм. Тухайлбал, мягмар гаригт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Reuters агентлаг мэдээлэхдээ АНУ Беларусын сонгуулийн дүнг луйвардсан, энгийн номхон жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэж сэжиглэгдэж байгаа долоон албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг онцолсон байна.
"Хориг арга хэмжээ авч байгаа нь хүмүүс сонгуулийг луйвардаж, үг хэлэх, жагсан цуглах үндсэн эрхээ эдлэж буй энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэвэл үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг харуулж байгаа багахан алхам" гэж Reuters агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Орос улс Беларусын хэрэгт цэргийн хүч ашиглан оролцвол Оросын эсрэг ч хориг тавих боломжийг судлаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
"Зун дууслаа"
Ийнхүү нэг талд оюутнуудыг баривчлан үймж байх зуур Александр Лукашенко нэгэн коллеж дээр очин үг хэлэхдээ "халуун зун шууд болон дам утгаараа дууслаа" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Латви, Литва, Эстони хориг арга хэмжээ авсны хариуд Балтикаас ирж буй ачаануудыг Оросын боомтууд руу илгээнэ хэмээн сүрдүүлжээ.
Мягмар гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээнүүдэд улсын томоохон их дээд сургуулиудын оюутнууд оролцсон бөгөөд ТАСС агентлагийн мэдээлснээр мянга гаруй оюутан цугларснаас тусгай зориулалтын цагдаагийн хүчнийхэн 20 орчим оюутныг баривчилсан байна. Оюутнууд цуваа болон алхаж, "Оюутнууд ард түмэнтэйгээ хамт!" хэмээн хашгирч байжээ.
Харин оюутнууд ийнхүү эсэргүүцэлд нэгдсэн нь Лукашенкогийн эгдүүцлийг төрүүлэв. Тэрбээр эсэргүүцэлд оролцсон оюутнуудыг цэрэгт явуулна хэмээн сүрдүүлжээ.
"Их дээд сургуульд сурах цаг гаргахын тулд бид залуусыг цэргийн албанаас чөлөөлсөн гэдгийг та нар ойлгох ёстой. За яах вэ, сурах дургүй бол Эх орноо л хамгаалах болж дээ. Манай эх орон аюулд байна" хэмээн Александр Лукашенко мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/522131
Сэтгэгдэл