Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор Өмнөговь аймгийн Засаг даргын зөвлөх Өлзийхутагийн Баянмөнх оролцсоныг хүргэж байна.
-Сайхан намаржиж байна уу?
-Сайхаан, нутгаар хожуу ч гэсэн зуны адаг сард бороо хур ороод цаг сайхан болж байна. Баруун хойд талын сумдаар гандуу отор нүүдэл ихтэй байна даа.
-Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Номгон сум нь Монгол Улсын хамгийн өмнөд цэг буюу Орвог гашууны бор толгой хэмээх хил хязгаар нутаг. Манай аймаг улсынхаа хамгийн том газар нутагтай аймаг. Номгон сум бол газар нутгаараа Гурван тэсийн дараа ордог томоохон сум юм. Би зургаан хүүхэдтэй айлын хамгийн том хүү, таван эмэгтэй дүүтэй. Аав маань Гаажидын Өлзийхутаг гэж аймгийн алдарт уяач хүн бий. Номгон суманд Худалдаа бэлтгэл ангид нярав, ээж минь Агвааны Гантөмөр гэж Номгон сумын холбооны эрхлэгчээр насаараа ажилласан ажилчин хүмүүс. Бага наснаасаа худалдаа бэлтгэлийн номын склад, Холбооны газар хоёрын дунд өслөө. Багадаа ном маш их уншдаг хүүхэд байлаа. 1990-ээд оны картын бараа, хоол хүнсний хомсдолтой хэцүү цаг үед олон дүү нартайгаа хамт аав, ээжийнхээ ажилч хөдөлмөрч байдлын үр дүнд мөр бүтэн өссөн. Айлын том хүүхдийн хувьд гэр орны ажилд аав ээждээ туслах, гал тогоо барих, зуны амралтаараа хөдөө мал маллах гээд хар бор ажилд түүртэхгүй ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч өссөн. Тухайн үед чиглүүлэх зааж залах туршлага болох ах эгч байгаагүй тул дээд сургуульд ганцаараа явахад тулгарах саад бэрхшээл багагүй л байсан. Мэдээж аав, ээж, бусад ах, эгч нарын минь дэмжлэг туслалцаа байлгүй л яах вэ. Тухайн үед дээд сургуульд сураад хэрэг байдаг ч юм уу хэдэн малаа дагаж байвал амьдрал ахуйд хэрэгтэй юм болов уу гэсэн сэтгэхүй зах зээлийн нийгмийн үед айл өрхүүдийн дунд ялангуяа хөдөөний айлуудын дунд их болсон байсан. Жишээлбэл, 1987 онд нэгдүгээр ангид хоёр ангийн 70 гаруй хүүхэдтэй эхэлж байсан бол хүүхдүүд нь хөдөө мал дээр гарсаар байгаад тавдугаар ангидаа хоёр анги нэгдээд 29 хүүхэдтэй, наймдугаар анги төгсөхөд 22 хүүхэд үлдсэн байсан. Түүнээс хоёр хүүхэд 10 дугаар анги төгсөөд нэг хүүхэд дээд сургуульд явсан, тэр нь би байгаа юм.
Нийтээрээ амьдрал ахуй хүнд байсан болохоор оюутны сургалтын төлбөрийг нь дийлэх боломж тэр бүр байгаагүйн улмаас ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ дээд сургуульд явуулж чадаагүй хөдөө гаргаж байсан. Энэ хүнд үед хөдөлмөрлөж зүтгэж сургалтын төлбөрийг минь олж дээд боловсрол хүүдээ эзэмшүүлсэн аав, ээждээ маш их баярлаж явдаг. Намайг өдий зэрэгтэй явахад, дээд боловсрол эзэмшүүлэхийн төлөө хоёр гараа цуцтал хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон дүү нарыг маань тэжээх гэж зүтгэсэн дээ. Аав, ээжийнхээ энэ сайхан буянд дээд боловсрол эзэмшиж аймаг, орон нутагтаа ажиллаж амьдарч байна даа.
-Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг. Таны хувьд ямар үг хэлэх дуртай вэ?
-Би аймгийн удирдлагын хувиар олон газар очиж сургалт арга хэмжээнд оролцож явахдаа нэг ийм л үгийг хүмүүст хэлэх дуртай. “Хүн өөрийгөө хэзээ ч болсон улаан жимс гэж битгий бодож бай. Хэрвээ болсон улаан жимс болох юм бол маргаашнаас нь эхлээд ялзарч эхэлнэ. Тийм учраас хүн дандаа өөрийгөө ногооноороо, түүхийгээрээ байна гэж бодож явах хэрэгтэй. Тэгвэл улаан болохын төлөө өөрийгөө байнга хөгжүүлж байх болно” гэж хэлдэг. Бидний өвөө, эмээ нар “Хөдөлмөр хүнийг бий болгодог” гэж сургадаг байсан. Энэ үгийг бусдад уламжлах дуртай.
-Таны сонирхол, хобби юу вэ. Сүүлийн хэдэн жил аймагтаа дугуй унахыг үлгэрлэж байгаа шүү?
-Чөлөөт цаг гарвал дугуй унах дуртай. Ажилдаа явахдаа цахилгаан дугуй унадаг. Ажлын бус бэлтгэлийн цагаар буюу өглөө оройдоо жийгээд байх боломжтой. Өмнөговьчуудыгаа дугуй унах соёл нэвтрүүлэхийг биеэрээ уриалаад явж байна, ахиц гарч байгаа.
-Аймагтаа машиныг халъя, дугуй уная гэж уриалаад клуб байгуулсан байх аа?
-Манай аймаг дугуйн замын бүтээн байгуулалтыг нэлээдгүй хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 14.4 км дугуйн замыг аймгийн хэмжээнд барьж байгуулсан. Үүний 12.3 км нь аймгийн төвд тавигдсан. Их бүтээн байгуулалтын хажуугаар аймаг, орон нутагтаа дугуйн соёлыг хөгжүүлэх нь эрүүл дадал хэвшлээс гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж үзэж байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажилдаа дугуйгаар ирэх нь төрийн зардлыг хэмнэх, иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд автомашины зогсоолыг чөлөөлж өгөх гэх зэрэг олон талын ач холбогдолтой. Говь нутаг нь цаг агаарын хувьд хангайгаас 10 хэмийн дулаан учир дугуй унах улирал нь урт байдаг. Миний бие 2019 онд “Автомашинаас татгалзъя, ажилдаа дугуйгаар явъя” аяныг санаачлан дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан. Уг аяны нээлтийн парадад 300 гаруй дугуйчид оролцсон бол хаалтын үйл ажиллагаан дээр 350 гаруй болж өссөн байсан. Энэ хооронд байгууллагуудын авто зогсоолыг бий болгох, дугуйтай сайхан хос шалгаруулах, албан хаагч нийтээрээ дугуйн аялалыг зохион байгуулах, албан хаагчдаа хөнгөлөлтэй үнээр дугуйтай болгох гэх мэтчилэн олон ажлууд хийгдсэн. Үүний үр дүнд одоо манай аймгийн дугуй унадаг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Дашрамд энэхүү санаачилгыг дэмжсэн өмнөговийнхоо иргэд байгууллага, албан хаагчдад талархаж явдгаа хэлье.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Миний гол баримталдаг зарчим бол амласнаа хэрэгжүүлдэг байхыг хичээдэг. Хүн хийж чаддаг зүйлээ амладаг байх ёстой. Бусдад хүлээлт үүсгэчихээд хийж хэрэгжүүлэхгүй худал яриад алга болчихдог хүнд дургүй. Тийм учраас миний үнэт зүйл хэлсэндээ хүрэхийг хичээдэг зан гэж боддог.
-Та багадаа ямар мэргэжилтэй болъё гэж боддог байсан бэ?
-Багадаа хоёр төрлийн мэргэжил сонирхдог байсан. Хүний амьдрал ахуй, хүсэл сонирхол төдийгүй улс оронд хэрэгтэй гэдэг утгаараа эдийн засагч мэргэжлийг сонирхож байсан. Амьдралын шаардлагаар эрх зүй, хууль зүйн чиглэлээр сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ нь өөрийгөө эрсдэлээс аврахаас гадна хууль мэдэхгүйгээс болоод буруу зүйл рүү халтирч болзошгүй хүмүүс болон ядарсан, зүдэрсэн хүмүүст зөвлөгөө өгч, зөв тийш нь залахад дөхөмтэй юм болов уу гээд энэ чиглэлээр нэлээн судалсан. Компьютерын чиглэлээр ч багагүй сонирхдог байв. Сургууль төгсөөд хоёр талын боломж гарч ирсэн. Эдийн засгийн чиглэлээр элсэлтийн шалгалтанд нэгээр гараад ирсэн. Хууль эрх зүйн чиглэлээр бас нэгээр гарчихсан. Эцсийн мөчид эдийн засгийн хуваарийг сонгосон. Санхүүгийн мэргэжлээр төгсөж ирээд аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, улмаар Аймгийн татварын хэлтсийн дарга, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Голомт банкны Өмнөговь салбарын захирал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажилласан. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, мөн Удирдлагын академийг төрийн захиргааны магистраар тус тус төгссөн. Сүүлд ажлынхаа дундуур ИЗОУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж, дараа нь эрх зүйн магистр дүүргэсэн.
-Шүүмжлэл гэдэг зүйлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэл гэдэг зүйл эрүүл нийгэмд бодитоор байх ёстой. Амьдрал ахуй, ажил төрөл эрхэлж байх үед шүүмжлэлд багагүй өртөнө. Юу ч хийж бүтээдэггүй хүн л шүүмжлүүлдэггүй. Шүүмжлүүлж байгаа хүн миний хийж байгаа зүйл хүмүүст хүрч байгаа юм байна гэж баярлах ёстой. Үүнээс алдаа, оноотой зүйлээ харж засаж авах хэрэгтэй гэж боддог. Залуу байхад албан ажлаа хийх явцад хүн шүүмжлэхээр энэ хүн надад дургүй байна гэж боддог байсан. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод явахад шүүмжлэл гэдэг зүйл маш их хэрэгтэй юм байна. Дутуу хөтүү зүйлээ засаж залруулах боломжийг олгодог юм байна.
-Та өөрөө хэр шүүмжлэгч вэ?
-Миний хувьд шүүмжилнэ ээ. Зарим бүтээн байгуулалтын ажлууд дээр очоод алдаа дутагдалтай зүйл дээр шаардлага тавьдаг. Шаардлага нь заримдаа шүүмжлэл болж харагддаг тохиолдол бий. Бүтээн байгуулалт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх, төрийн үйлчилгээг ижил түвшинд авах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Хамгийн эхний алхам нь аймгийн Засаг даргын Тамгын газрынхаа шатыг налуу замтай болгосон. Нэг давхрынхаа ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижууллаа. Үүнээс гадна байгууллагуудын барилга төлөвлөлтөд тусгай хэрэгцээт хүмүүсийн төлөөллийг оролцуулж шийддэг. Ингэж бүх талын хүмүүсийнхээ оролцоог хангаж байж бүтээн байгуулалт төгс болно. Хамгийн сүүлд кино театр баригдлаа. Кино театр нь хүүхдийн ордон, концертын танхим хэлбэртэй, орос стандарттай байсан. Орц, гарц дээр тэргэнцэртэй иргэдийг огт анхаараагүй зураг төсөлтэй байсныг тусгаад шийдүүлсэн.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн. Үүгээрээ ч шилдэг аймгаар шалгарсан. Бүтээн байгуулалтыг хийхэд юун дээр тулгуурлаж хийх ёстой гэж та бүхэн харсан бэ?
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийг боловсруулсан. Анх энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа бүх сумдаар явж санал авсан. Мөн “Аймгийн Засаг даргын өглөөний цай” уулзалтыг хийж бүх салбарын хүмүүсийн саналыг тусгаж авсан. Тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг салбарын хүн нь л мэддэг учир бодитой нөхцөл байдлыг нь бичиж тэмдэглэж авсан. Үүний үндсэн дээр дээрх хөтөлбөрийг боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь хүн рүү чиглэсэн, хүний амьдрах орчныг сайжруулах, таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Төв суурин газрын хүмүүсийн хүүхдийн тоглоомын талбай, зам харгуйд гол анхаарлаа хандуулсан. Хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавилаа. Хогоо ангилах тал дээр хүмүүс бас тодорхой ойлголттой болж байна. Бидний амьдрах орчин эрүүл, амар тайван байж сайхан амьдарна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад өнгөрсөн гурван жил дараалан бидний үйл ажиллагааг Засгийн газраас дүгнэсэн. Гурван жил дараалан Монгол Улсын шилдэг аймгаар Өмнөговь аймаг шалгарсан. Энэ шагналыг хүртэхэд хүчин зүтгэсэн Өмнөговь аймгийн 70 мянган иргэн, албан хаагчид, нийт удирдлагын баг бүрэлдэхүүндээ талархаж байна. Гар бие, сэтгэл зүтгэл нийлж хамтран ажилласан. Хоёрдугаарт хийж бүтээсэн ажил маань ард иргэдийн сэтгэлд хүрч байсан учраас хэрэглэгчийн үнэлгээ гэдэг зүйл голлох нөлөөг үзүүлсэн.
-“Бид хамтдаа” Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувь биелсэн бол?
-Өмнөговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээд 95 хувьтай гэж дүгнэсэн. Гол үндсэн зорилгуудаа хэрэгжүүлж чадсан гэж боддог. Тухайлбал, салбар, салбарт зорилтот жил болгож зарладаг. 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил”, салбарын хувьд “Эүүл мэндийг дэмжих жил”, 2019 оныг “ХАА үйлдвэржилтийн жил, салбарын хувьд “Соёлын салбарыг дэмжих жил” гэж зарласан. Энэ жилийг “Өрх гэр бүлийг дэмжих жил”, салбарын хувьд “Боловсролын салбарыг дэмжих жил” болгосон. Үүний учир нь тухайн жилдээ ямар салбар руу бодитой анхаарал хандуулах вэ гэдгийг нийт ард түмэн, албан хаагчдынхаа анхаарлыг чиглүүлж өгдөг. Энэ утгаараа бүгд зорьсон зорилго нь тодорхой учраас хүч нийлүүлээд зүтгэдэг. “Эрүүл мэндийн салбарыг дэмжих жил”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарт бодитой хөрөнгө оруулалтыг хийсэн. Эмч сувилагчдыг сургалтанд хамруулсан. Мөн албан байгууллагууд бүсийн оношилгооны төвүүд бүтээн байгуулалтын ажил хийсэн. “Соёлыг дэмжих жил”-ээр хүмүүс соёл урлагаар үйлчлүүлдэг боловч бодлогын гадна орхигдоод байдаг. Соёлын салбарыг анхаарлын төвд авчирснаар томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Хамгийн том хөрөнгө оруулалт нь 850 хүний суудалтай аймгийн Хөгжимт жүжгийн театр баригдаж байна. Аялал жуулчлалын чиглэлээр музейн барилгыг архитектурын шинэ шийдлээр барьж байгуулж байна. Сумдын соёлын төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулж өглөө. Хөдөөгийн багийн иргэдэд пургон авто машиныг шийдэж, мөн соёлын арга хэмжээгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. “Боловсролын салбарыг дэмжих жил”-д “Багш хөгжил хөтөлбөр- Оюуны хурд”, “Англи хэлтэй Өмнөговь” зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр элсэлтийн ерөнхий шалгалтад сүүлийн хоёр жил дараалан тэргүүллээ. 2018 оны үзүүлэлтээр нэгдүгээр байр, 2019 оны үзүүлэлтээр хоёрдугаар байрт орсон байх жишээтэй. “ХАА үйлдвэржилтийн жил”-ийн хүрээнд хоол хүнсээ эрүүлжүүлэх тал дээр хүнсний иж бүрэн лабораторийг барьж байгуулах, төмс хүнсний ногооны зоорийг бий болгож намар тариалсан хүнсний ногоогоо хадгалах тал дээр анхаарсан. Жилийн турш хүнсний ногоогоор өөрсдийгөө хангадаг, хятад ногоо идэхгүй байх зорилго тавьсан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.
-Өмнөговь аймаг бусад аймгаасаа онцлогтой. Хамгийн том уул уурхайн бүс нутаг. Танай аймгийг хөгжихөд уул уурхайн салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг болов уу?
-Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн 15 орд газар бий гэж УИХ-аар баталсан байдаг. Түүнээс Оюутолгой, Таван толгой, Нарийн сухайт гэсэн гурван орд газар нь Өмнөговь аймагт ордог. Өмнөговь аймагт уул уурхайгаа хөгжсөний үр дүнд Монгол Улсын төсвийн 62-68 хувийг бүрдүүлэхэд гар бие оролцон ажиллаж байгаа. Стратегийн томоохон ордуудаа хариуцлагатай ажиллуулаад хөгжүүлээд явах ёстой гэж боддог. Үүнээс тодорхой хэмжээний төсвийн орлого орж ирдэг. Төсвийн орлого их орохийн хэрээр үрэлгэн хандах биш зөв зохистой зарцуулж, зөв бодлого хэрэгжүүлж байж аймаг, орон нутгаа, цаашлаад улс орноо хөгжүүлнэ. Манай орон бол байгалийн онгон дагшин газартай, хөрсөн доороо асар арвин баялагтай. Бусад жижиг лицензүүд дээр уул уурхай нээнэ гэсэн асуудал яригддаг. Миний хувьд үүнийг дэмжихгүй. Газар нутгаа сэндийлээд байх биш бодитой нөөцөө ирээдүйн хөгжлийн төлөө хүртээмжтэй ашиглах бодолтой явдаг. Мэдээж бид уул уурхайгаас орж ирсэн төсвөөр туйлж болохгүй. Ард иргэддээ аль болох үлдэцтэй, зүй ёсны хэрэгцээтэй, тайван амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зүйлд зарцуулах ёстой.
-Өмнөговь аймаг утааны асуудлаар нэлээн дээгүүр ордог. Одоо ч өвөл боллоо. Дахиад л утааны асуудал яригдах байх. Ер нь аймгийн удирдлагууд энэ асуудлаа яаж шийдье гэж бодож байна вэ?
-Улаанбаатар хотын утаа 50 хувь буурсан үзүүлэлт гарлаа. Үүнд манай өмнөговьчуудын үүрэг асар их бий. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн уурхайгаас гарч байгаа “Энержи ресурс” компанийн нүүрсийг нийлүүлж утаагүй түлшний үйлдвэрлэлийн гол түүхий эдээр хангаж байна. Өмнөговь, Улаанбаатар хотын хооронд дахь засмал замд хүнд даацын авто машин явж байгаагаас зам харгуй маш их эвдэрсэн. Замыг засаж байгаа боловч далан нөхөөс болсон. Нийслэлчүүдээ утаагүй байлгахын тулд нэлээн төлөөс төлж байгаа. Уул уурхайн баялгаа ганц өмнөговьчууд биш нийт ард иргэд тэгш хүртээмжтэй хүртэх ёстой учраас тусад нь зам харгуй гаргаж асуудлыг зайлшгүй шийдмээр байна. Бид энэ өөрсдөдөө бэлэн байгаа гол түүхий эд буюу коксжих нүүрсээ ашиглаж утаагүй түлш орон нутагт ашиглаад Өмнөговийн утааны асуудлыг шийдэх боломжтой. Агаарын бохирдлоор Баянхонгор аймгийн дараа орж байгаа нь дан ганц утаанаас гадна уул уурхайн тоосжилт маш их нөлөөлж байгаа. Даланзадгадын төвд өглөөгүүр хар утаатай байдаг. Нүүрс нь их ойрхон учраас хямд үнэтэй байдаг. Хэмжээ хязгааргүй түлж л байна даа. Энэ хэрэглээг одооноос анхаарч өмнөговьчууд бид нийслэл хотоо утаагүй болгоход гар бие оролцож чадсан юм чинь аймгийн төвөө утаагүй болгохыг зорьж байна. Аймагтаа “Сайн түлш” орон нутгийн өмчит компанийг байгуулаад үйлдвэрийг угсрах барих ажил эхлээд явж байна. Цаашид өмнөговьчууд утаагүй аймаг болох бүрэн боломжтой гэж харж байна. Нөгөө талаар гэр хороололд дулааны шугамыг гудамж бүрт тавих замаар нүүрс түлдэг яндангуудыг буулгаж утаагүй болох бүрэн боломжтой. Эхнээсээ гэр хорооллуудад дулааны шугамууд тавигдсан. Энэ ажил цаашдаа ч үргэлжлэх боломжтой.
-Хүн энэ амьдралдаа хэрхэн явах нь юунаас шалтгаалдаг юм бэ?
-Хүний амьдралд хэрхэн явах нь гурван хүчин зүйлээс шалтгаалдаг гэж би боддог. Нэгдүгээрт, хүний зурсан зураг, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж юм байна. Хоёрдугаарт, энэ тавилангаа тухайн хувь хүн зөв залж явах, өөрийнх нь хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Гуравдугаарт гадаад хүчин зүйл буюу амьдарч буй орчин, нийгмийн бодлого, соёл, хүмүүжлээс хамаардаг. Хамгийн гол зүйл нь хувь хүнээс өөрөөс нь, мөн бусдын төлөө гэсэн сэтгэлээс л шалтгаалдаг. “Буян буцаад ирдэг, буцаж ирэхдээ бороо шиг асгардаг” гэдэг үг бий дээ. Хүн бол зөвхөн өөрийгөө болгох гэж амин хувиа хичээх биш нийгмийн төлөө, нийтийн төлөө сэтгэл гаргавал хэрхэн зөв сайхан явах замыг нь засаж байдаг. Хувиа хичээж, довоо шарлуулсан хүн өөртөө л болж байгаа юм шиг боловч нийгэмдээ хүрээлэл байхгүй, цаагуураа заяа төөрөг нь буруу тийшээ эргээд явчих нигууртай юм. Айлын том хүүхдийн хувьд надад туслаад байх ах, эгч, татаад аваад явчих дарга цэрэг байсангүй. Сумаасаа хэдхэн хүүхэд их дээд сургуульд сураад л хотод амьдарч байсан. Өөрийн бор зүрхээр л алдаж онож, өгсөж уруудаж явна. Зөв бодолтой байхад амьдрал аандаа бүтдэг юм аа. Ингээд бодохоор хувь хүний хичээл зүтгэл цаашдынх нь хандлагыг тодорхойлдог юм болов уу даа.
-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Хоёр нүүртэй хүнийг тэвчдэггүй. Нэг хүнд очоод нутаг орныхоо төлөө ийм зүйл хийнэ гэчихээд өөр хүнд очоод өөр зүйл яриад байдаг хүмүүст дургүй. Миний гол зарчим бол өвөө, ээжийнхээ адил коммунист маягийн гэх юмуу даа шударгадуу хэлэх гэснээ хэлчихдэг, хүний хэлсэнд шууд итгэчихдэг тиймэрхүү зантай. За гэвэл ёогүй. Тийм гэсэн бол тийм байх ёстой гээд бодчихдог болохоор хуурмаг зүйлийг тэвчдэггүй.
-Таны амьдралдаа ичиж байсан тохиолдол юу байсан бэ?
-Хувь хүний хувьд амьдрал ахуй дээр айж ичих зүйл зөндөө л тохиолдоно л доо. Хүний өмнөөс, нийтийн өмнөөс ичих хамгийн хэцүү зүйл. Ганцхан жишээ хэлэхэд, дунд сургуульдаа онц сурдаг хүүхэд байлаа. 10 жилээ алтан медальтай төгссөн. Наймдугаар ангидаа математикийн олимпиадад орохоор цэнхэр планет мотоциклоор өвлийн хүйтэнд дэгтий хөлдөө өмсөөд багшийнхаа араар сундлаад Номгон сумаас аймгийн төвд анх орж байлаа. Гуравдугаар байрт шалгарлаа. Ес, аравдугаар ангидаа аймгийн төвд ороод ирчихсэн сурагч байлаа. Бас л гурав дахь жилдээ дараалан гуравдугаар байрт орсон. Би энгийн ангийн хүүхэд байсан, математикийн сонгоны ангийн хүүхэд тэргүүн, дэд байрыг авчихдаг. Мэдээлэл зүйн хичээлээ хуучны компьютер дээр дадлага хийсээр байгаад аймгийн олимпиадад нэгдүгээр байрт орсон. Аймгаасаа шалгараад хотод улсын олимпиадад ирлээ. Багшийн дээдийн В байрны долоон давхарт нь олимпиадад оролцлоо. Жирийсэн олон компьютер дээр аймаг, амгаас ирсэн хүүхдүүд очоод суучихсан. Нөгөө компьютер нь огт өөр юм аа. Өнөөхөө асааж мэддэггүй ээ. Нэг багшийг дуудаж асаалгатал “Чи аль аймгийнх бэ” гэхээр нь “Өмнөговийнх” гэж хэлчихээд асар их ичиж байсан. Өмнөговиос олимпиадад түрүүлээд ирчихээд компьютер асааж мэдэхгүй байх даа яах вэ дээ гэж бодохоор “Өмнөговийнх” гэж хэлэхээсээ ичиж байсан даа. Тэр үед миний мэдлэггүйдээ биш бидний хэрэглэж байсан компьютерын хангамж нь тийм, техник технологийн хоцрогдолтой байж дээ. Тэгээд улсад тавдугаар байрт орж л байлаа. Тухайн үед зардал шийдэгдэж Улаанбаатар явах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байсаар байгаад бид сайн бэлтгэл хийж чадаагүй. Олимпиад болохоос гуравхан хоногийн өмнө л зардал шийдэгдэж байгаа юм. Хэрэв эрт шийдэгдсэн бол бэлтгэлээ сайн хийгээд илүү амжилт гаргах ч байсан юм билүү.
-Амжилт гэдэг зүйл таныхаар юу вэ?
-Амжилт гэдэг нь хийсэн зүйлдээ эзэн болоод түүнийхээ үр шимийг хүртэж байгааг хэлнэ. Эзэмшсэн мэргэжил байгаад түүндээ дур сонирхолгүй, хичээл зүтгэлгүй бол амжилт гарахгүй. Мэргэжил эзэмшээгүй ч гэсэн өөрийнхөө давуу талыг өнгөлж зүлгээд амжилтанд хүрч байгаа хүмүүсээр бахархдаг. Зарим хүмүүст асар их боломж байсаар байтал хуруугаа ч хөдөлгөдөггүй. Зарим нь бараг боломжгүй байхад зорилгынхоо төлөө зүтгэсээр байгаад амжилтанд хүрсэн тохиолдол байдаг. Миний хувьд аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар дөрвөн жил ажиллалаа. Аймгийн Татварын газрын даргаар дөрвөн жил ажиллаж байсны хувьд сүүлд Тамгын даргаар ажиллахдаа төсвийн орлогыг боломжийн хэрээр өсгөхийн төлөө бодлогоор дэмжиж ажилласан. Төсвийн орлого өсөхийн хэрээр аймагтаа зөв зохистой бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Энэ ажлыг үнэлж улсдаа гурван удаа шилдэг аймгаар шалгарсан нь түүхэн амжилт гэж боддог. Манай хамт олон ажлын цагийг их байна гэж шантралгүйгээр, төсвийн цалин бага байна гэж голохгүйгээр цаг наргүй ажиллаж энэ амжилтанд хүрсэн.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Гэр бүлдээ бол хоол хийх дуртай. Албан ажил гээд тэр бүрийд зав гардаггүй. Амралтын өдрүүдээр гал тогоогоо бариад суучихдаг. Эхнэр хүүхдүүддээ гарынхаа хоолыг хийж өгнө. Албан ажилдаа бол эрх зүйн чиглэлээр тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсны хувьд хамт олноо эрсдэлээс хамгаалах, хуулийн зөв гаргалгаагаар ажил төрлөө амжуулах, хуулийн хязгаарыг давж зөрчихгүй байх тал дээр зөвлөгөө өгч ажилладаг. Сүүлийн үед дугуй сайн унаж байгаа, бас хог хаягдлын асуудлаар бараг мэргэшиж байна даа.
-Та үнэхээр их уурласан үедээ яадаг вэ?
-Хааяа түргэн уурлах үе гарна. Уурласан ч тэр дороо тайвширчихдаг. Эргээд санасан бодсон зүйл байхгүй. Үүнийг маань хамт олон ойлгоно л доо. Ажлаас болсон л шаардлага байдаг л даа. Гэхдээ дараа нь ярилцаад ойлголцчихдог нь хамгийн сайхан. Ажил хийж байх явцад янз бүрийн л хүнтэй таардаг. Уурлахаараа урт амьсгаа авна. Төдөлгүй тайвширна. Би ажилтнууддаа сургалт хийж байхдаа "Ууртай үйлчлүүлэгч таараад таны уурыг асаах гээд тэвчишгүй байдалд хүрвэл тэр өмнөх хүнээ нүцгэн байгаагаар төсөөл тэгвэл уур хүрэхгүй" гэж заасан юм. Гэтэл тэр заасныг маань манай нэг ажилтан над дээр туршсан байгаа юм. Сайн суралцагч байжээ тэр хүн.
-Таны хамгийн их суралцахыг хүсэж байгаа зүйл юу вэ?
-Бид эерэг хандлага гэдэг зүйлийг дээд шатны албан тушаалтнуудаас эхлээд бүх хүн суралцах хэрэгтэй байна. Би ч гэсэн суралцах хэрэгтэй. Япон улсад явж байхад япон хүний амьдралын гол зорилго юу вэ гэхээр бусдад төвөг удахгүй амьдрах. Жишээ нь, ресторанаас гараад нийтээрээ автобусаар явж байтал би морь харах хэрэгтэй болов. Ариун цэврийн газар оръё гэхээр зогсох ямар ч боломжгүй байсан. Аргагүйдээд зогсоод өгөөч гэж гуйлаа. Манай хөтөч “Бусдад төвөг учруулж байгаа юм чинь хоёулаа гүйгээд явъя” гэсэн. Энэ нь надад их зүйл ойлгуулсан. Бид энгийн үед мэддэг юм шиг боловч хэвшил болгож чадаагүй зүйл юм байна лээ. Өөр жишээ гэвэл, хөдөө сумдаар томилолтоор явах боллоо гэхэд нэг нь гарч ирэхгүй машинд хүлээлгээд удаад байдаг. Тэр хэрээр ажил хойшлоод л байна. Энэ мэт зүйл дээр бид эерэг хандлагад суралцмаар байна. Бас хүмүүс явган зам дээр, дугуйн зам дээр машинаа сандайлаад тавьчихдаг. Замын даац өөр учир эвдэрнэ шүү дээ. Хүмүүст ч төвөгтэй. Энэ бүдүүлэг явдлыг зураг болгон баримтжуулж, Цагдаагийн газарт мэдэгдэж, цахим орчинд оруулдаг. Баянмөнх хүний мууд дуртай мэт харагдаж байгаа ч дараа нь дахиж өөр хүн тийм үйлдэл хийхгүй шүү дээ. Нийгэмд сайн сайхан зүйл авчрахын тулд жижиг гэлтгүй хэн нэгэн энэ зүйлийг арилгахад нэмэр болох хэрэгтэй. Энэ уриалгыг цахим орчинд дэвшүүлдэг.
-Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?
-Хариуцлага алдахаас айдаг. Хүнд “За” гэж хэлчихээд биелүүлж амжихгүй байх явдал зөндөө гарна. Удирдлагын түвшинд ажиллахад маш олон хүний санал, хүсэлт ирдэг. Тэр болгоныг биелүүлэх хязгааргүй нөөц бидэнд байхгүй шүү дээ. Заримд нь “Үгүй” гэж хэлчихээр гомдох хүмүүс байдаг л байх. Гэхдээ бидэнд бас зовлон байна. Хүн бүрд асуудлыг нь шийдээд явдаг байсан бол нийт ард иргэд чинээлэг сайхан амьдарч байгаа. Буруу амлалт өгч, хариуцлага алдахаас айж байна. Хариуцлагатай ажилласны үр дүнд манай аймгийг Засгийн газраас үнэлсэн юм болов уу гэж боддог.
-Өмнөговь аймагт тулгамдаж буй асуудал юу байна вэ, та гурвыг нь онцолбол?
-Уул уурхайн бүс нутаг болчихсон. Нэгдүгээрт, хуучин бол мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг гурван тулгуурт эдийн засагтай байлаа. Одоо бол уул уурхай руугаа хошуураад бусад салбараа орхигдуулж байна. Тиймээс бид аялал жуулчлалын салбартаа бид маш сайн анхаарах хэрэгтэй. 2011 оны үед түүхий эдийн үнэ гадаад зах зээл дээр сайн өссөн. 2013 оноос нүүрсний үнэ буураад, ард иргэд ажлын байр, ахуй амьдрал хүнд байдалд орсон. Эндээс бид дүгнэлт хийх учиртай. Ухаж баялаг олдог биш байнга байдаг үзэсгэлэнт байгалиа гайхуулж жуулчдаас мөнгө олох хэрэгтэй. Тийм учраас асар ирээдүйтэй аялал жуулчлалын салбартаа мөнгө хаяж Даланзадгад хотод Говь гурван сайханд олон улсын нисэх онгоцны буудал барих хэрэгтэй. Монголын говьд шууд нисэж ирээд байгалийн үзэсгэлэнг сонирхон үзээд буцах нь жуулчдад ч эдийн засаг, цаг хугацааны хэмнэлттэй. Өвөр Монголын Альшаа аймагт “Тооройн баяр” гээд элсний баяр хийхэд жилдээ гурван сая жуулчин үздэг. Бидэнд ийм боломж бий. Дээр үед Монголыг үзэх гэж ирсэн япон өвгөнийг 69 машины ард 400 км шороон зам дээр сэгсчүүлж сэгсчүүлж, Хархорины Эрдэнэзуу хийд орж. Мөнөөх өвгөнийг уйлахаар нь сайхан зүйл үзээд баярлаад байна гэж бодтол “Энүүхэнийг үзүүлэхийн төлөө ингэж намайг зовоох гэж дээ” гээд уйлсан байгаа юм. Ийм болгохгүйн тулд дэд бүтцийг нь сайн шийдэх хэрэгтэй. Жуулчдын халаасан дахь мөнгийг нь бүрэн нутагтаа авч үлдэх, сонирхлыг нь татах үзмэр, сувинер, үзвэрийг хүртэл бодолцох хэрэгтэй. Хоёрдугаарт, хог хаягдлыг дахин боловсруулдаг эргээд баялаг болгодог болгох хэрэгтэй байна. Уурхай дагасан хаягдал дугуй, бусад хог хаягдал нь байгаль орчин, бидний амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Гуравдугаарт, хүний хөгжлийн асуудал байна. Стратегийн томоохон орд газруудад удирдах ажилтнууд нь гадаадын иргэн байдаг бол монголчууд үйлчилгээний албан тушаал дээр ажилладаг. Энэ нь эсрэгээрээ байгаасай. Ингэхийн тулд мэдлэг чадвартай боловсон хүчнээ бэлдэх ёстой.
-Таны муу зуршил юу вэ?
-Муу зуршил гэвэл яг үнэнийг хэлэхэд цахим орчинд донтох маягтай байгаа. Нийгэм тэр аяараа сайн сайхан мэдээлэл тавихаар үздэггүй хэр нь муу муухай мэдээлэлд маш их хандалттай байна. Энэ бол нийгмийн стресстэй холбоотой. Тиймээс бид нийгмийг эерэг зүйлд хандуулмаар байна. Муу мэдээллийг авсан хүний сэтгэл тавгүй болно. Тавгүй болсон хүн ойр тойрныхондоо бухимдлаа гаргана. Энэ хэрээрээ нийгэмд нөлөө үзүүлж байна. Нийгмээ эерэг байлгах, амар амгалан орчинг бүрдүүлэх үүднээс миний бие “Эко Өмнөговь” гэдэг санаачилгыг санаачилсан. Ногоон байгууламж, дугуйн соёл, хог хаягдал энэ гурван асуудал дээр санаачилга маань төвлөрч байгаа.
-Сүүлд усан бассейн ашиглалтад орсон байсан. Говийн хүүхдүүдийн нар нь гарч байна уу?
-Олны талархал хүлээсэн бүтээн байгуулалт болсон. Манай говьчууд уснаас их айдаг гэдэг. Гэхдээ сонирхуулахад улсын мастер Бадрах манай нутгийнх шүү дээ. Говийн хүмүүст чадахгүй зүйл гэж үгүй. Одоо ийм сайхан бассейнтэй болсон юм чинь улсын бүсээс усан спортын аваргууд төрөх байх гэж найдаж байна. Мөн манай аймаг хөлбөмбөгийн талбайтай болсон. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий болгосон. Энэ талбайд өмнөговьчууд тоглохоос гадна олон улсын болон улс бүсийн чанартай тэмцээн уралдаан болдог болно. Тэгж байж бид суралцаж, хөгжинө.
-Таныг өөрийнхөө хийж ажилдаа өөрөө дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?
-Хүн ер нь өөртөө дүн тавих ч хамгийн муу хувилбар. Хүн хэдий өөрөө ухаантай ч гэсэн өөрийгөө өмгөөлж хамгаалж байдаг байгалиасаа заяасан өгөгдөл гэж бий. Өөрийгөө өмөөрдөг хүмүүс их олон байна. Хийж буй ажилдаа өөрөө үнэлэлт дүгнэлт өгөх нь учир дутагдалтай. Нийтийн санал, хамтран ажиллагсдынхаа санаа бодлыг сонсох нь зүйтэй байдаг. Одоогийн байдлаар цаашид хийх маш олон зорилго бий учраас 50 хувьтай л явж байна гэж бодож байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа эргээд харахад сэтгэл ханамжтай, хараад бахархам ямар ажил байна вэ?
-Соёл спортын цогцолборын ажил 2011 онд эхэлсэн. “Аж констракшин” компани барьж байна, төсөв мөнгөө нэм гэж есөн жил уясан. Шүүхийн шатанд шийдүүлж байж дараагийн компанид зураг төслийг нь нэмж зуруулаад ажлыг нь хийлгэсэн. Олон жил гадна талын өнгөө солихоос өөрийг хийгээгүй барилгыг дуусгаж санаа амарсан. Говьчууддаа шинэ кино театртай боллоо, олон бөх барилдах, урлаг соёлын арга хэмжээ хийх залтай боллоо, таван замтай усан спортын бассейнтай боллоо. Мөн тухайн аймгийн соёл, хөгжлийг илэрхийлэх Хөгжимт жүжгийн театртай болохоор ажиллаж байна. Бас миний бахархалтайгаар хэлэх зүйл бол дугуйн замын бүтээн байгуулалт. Дугуйн замыг байгуулснаас хойш найман настай балчраас наян настай буурай хүртэл дугуй унаж байна. Гадна талаасаа л эрүүл орчныг бүрдүүлсэн, залуучуудын хот болсон нь харагдаж байна. Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хог хаягдлыг багасгачих юм бол манай Даланзадгад хот сайхан хот болно. Маш сайхан бүтээн байгуулалт хийчихээд хогондоо дарагдсан байх юм бол сайхан харагдахгүй. Хогийг ангилан ялгаж хогийн цэгт ачдаг хогийг 50 хувь бууруулах ёстой. Бид хогоороо байгалиа сүйтгэж байна. Хогийг дахин боловсруулах үйлдвэртэй болж байгалиа хамгаалъя гэж зорьж байна. Эхний ээлжинд хог хаягдлыг ангилан ялгаж хаядаг хогийн савыг 24 байршилд хийж тавилаа. Мөн хуванцар савны хэлбэртэй аварга хэмжээтэй хуванцар хийх зориулалттай савыг 13 байршилд хийж байрлууллаа. 300 өрхийн хашаанд хог ангилж хаядаг, 600 литрийн багтаамжтай савыг байрлуулсан. Хог хаягдлын 23 автомашины парк шинэчлэлт хийсэн. Дэлхий нийт үйлдвэрлээд хэрэглээд, хаядаг шугаман эдийн засагтай байсан бол тойргийн эдийн засаг руу орсон. Одоо үйлдвэрлэлээ, хэрэглэлээ, хог хаягдлаа дахин боловсруулах руу ангиллаа, эргээд боловсрууллаа, хэрэглэлээ. Ийм зарчмаар явж чадвал байгальдаа ээлтэй, амьдран буй орчин эрүүл, үр хүүхэд минь эрүүл байна. Энэ ажлыг хийхэд хөрөнгө мөнгөнөөс гадна ард иргэдийн нөлөөллийн ажилд цаг зав шаардагддаг. Нийтээрээ энэ сэтгэхүйг төрүүлэх нийгмийг бий болгохоор зорьж байна.
-Өвөл хаяанд ирлээ. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хэр явж байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл 70 шахам хувьтай байна. Энэ жил хур бороо багатай, гандуу байсан. Хадлан тариа байхгүй учир хангайн бүсээс өвс, тэжээл татдаг. Аймгийн удирдлага, сумдын дарга нар анхаарч ажилладаг томоохон ажил. Сүүлийн үед цаг агаар тааварлашгүй болж хувирч байна. Зуны эхэн сард гэнэт цасан шуурга шуурах жишээтэй. Заримдаа гэнэт хунгарласан их цас унаж мал бэлчээртээ гарч чадахгүйд хүрдэг. Мал 4-5 хоног идэшгүй байхад л эхнээсээ хиардаг. Тийм учраас бид өвс, тэжээлээ сайн базаах ёстой. Говьчууд амгалан уужуу зангаараа энэ тал дээр ханддаг. Бид өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, өвсөө сайн нөөцлө, гурав хоногийн нөөцөө базаа гэж сануулдаг.
-Амьдрал гэдэг зүйл таныхаар юу вэ?
-Амьдрал гэдэг зорилготой хүний хувьд их хүслийн далай юм даа. Дуу хүртэл байдаг даа. Хүсэл гэдэг олон янз. Хувь хүний өөрийн хүсэл, нийтийн төлөө гэсэн хүсэл гээд л. Нийтийн төлөөх хүслээ урдаа барьдаг байх ёстой. Амьдралыг хүн өөрөө зовлон болгоод яваад байдаг. хүний амьдралыг бодол нь чимдэг. Бодлоо сайхан болгож байж сайхан амьдралд өөрийгөө хөтөлнө.
Сэтгэгдэл