СЭЛЭНГИЙН ЕРӨӨ СУМЫН УУРХАЙД ЭЭЛЖ СОЛИН АЖИЛЛАХААР ОЧСОН НЭГ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ


 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна.

 

Энэ үеэр Сэлэнгэ аймгаас холбогдох мэдээллийг танилцуулсан бөгөөд "Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн.

 

Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагдсан. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн" гэлээ.

Сэлэнгэ аймагт сүүлийн 41 хоног шинээр Ковид-19 халдвар бүртгэгдээгүй байсан ба уурхайн ээлж солилцох үеэр халдвар илэрсэн тул түүний ойрын болон хоёрдогч хавьтлуудын судалгааг хийх ажиглалт хяналтанд авчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.