"Эрдэнэс Силвер Ресурс” ХХК хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монгол банканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ.
Ерөнхийлөгч өнгөрсөн бямба гарагт Дундговь аймагт ажиллаж, "Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр дээрх мэдээллийг өгсөн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээл тэглэх үеэр зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгоно гэсэн байна.
"Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
"Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлж, зээлгүй байсан ахмадуудад сая төгрөгийн ваучер олгох хуулийг УИХ баталж байв.
Сэтгэгдэл