Өнөөдрийн байдлаар 37 зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна


Өнөөдрийн байдлаар 37 зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна

 

УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын шийдвэрээр гадаад дахь иргэдээ үе шаттайгаар татан авч буй. Энэ дагуу гуравдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сард товлосон нислэгийн хуваарийн дагуу маргааш Сөүлээс 165 иргэн эх орондоо ирнэ. Энэхүү нислэгээр тус улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байна. Цөөн тохиолдолд, Тайвань, Испани улсаас зайлшгүй шаардлагаар нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байгаа юм. Мөн УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 20 гаруй иргэнийг энэ сарын 30-ны Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэх шийдвэр гарсан. Хилийн боомтоор нэвтрэх иргэдээ 10 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын нислэгийн тов зарлагдсан. Ирэх сард 400 гаруй иргэн эх орондоо ирэх тооцоо байна. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тухайд улс бүрт харилцан адилгүй. Нутаг буцах иргэдийн тоо буурч байна. Энэ нь гуравдугаар сарын нислэгээр ажиглагдаж байна" гэв.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 37 зочид буудал тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж байна. Одоогоор нөөцөд ашиглахаар төлөвлөсөн 9 зочид буудлын 600 гаруй өрөө байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах 11 зочид буудлын 500 гаруй өрөөг бэлджээ.

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" халдварын онош нь батлагдсан ч хөнгөн өвдсөн иргэдээ гэрт нь тусгаарлахаар болсныг мэдээлж байв. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн гэдгийг УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв. Тухайн иргэний санал хүсэлтийг харгалзан үзэж, гэртээ тусгаарлах юм. Тодруулбал, энэ сарын 15-аас хойш иргэний хүсэлтээр 7-14 хоног тусгаарлаж байна. Гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд онцын эмчилгээ байхгүй гэж Шуурхай штабаас мэдээллээ.

Д.Нарангэрэл “Гэртээ байгаа хүмүүс халуун цай ундаа уух хэрэгтэй. Ардын уламжлалт аргаар хунчир, чацаргана, аньс зэрэг хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Өндөр тунгаар витамин В, D хэрэглэнэ. Ямар нэг байдлаар халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл парацетамол уух хэрэгтэй. Гэхдээ эмийг гурав хоногоос илүү хэрэглэж болохгүй” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.