Л.Оюун-Эрдэнэ: Л.Халтар сайд аа, том толгойлсон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөл


 Л.Оюун-Эрдэнэ: Л.Халтар сайд аа, том толгойлсон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр /2021.04.02/ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Энэ салбарт болохгүй байгаа зүйл олон байна. Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй байна. Хүмүүс нийтийн тээврээр зорчих төдийлэн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэ ч утгаараа хувийн машинаар зорчих нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай байна. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно. Цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй. Өдөр тутмын 98 чиглэлд 950 автобус үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа байдаг. Гэвч иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй" хэмээн онцоллоо. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.