ASTRAZENECA вакцины Америк дахь үйлдвэрлэлийг зогсоожээ


 

Балтимор дахь Emergent BioSolutions компанийн гэрээт үйлдвэрийн ажилчдын гаргасан алдааны улмаас өнгөрсөн долоо хоногт Johnson & Johnson компанийн 15 сая тун вакцин хаягдал болсон билээ.

Тус үйлдвэр J&J вакцинаас гадна Британи-Шведийн AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг гэрээгээр үйлдвэрлэж байсан юм. J&J компани тавдугаар сарын сүүлээр нийт 100 сая тун вакциныг АНУ-ын засгийн газарт нийлүүлэх үүрэгтэй байгаа.

Их хэмжээний вакцин хаягдал болсон нь уг үүргийн биелэлтэд саад учруулах нь тодорхой болсон юм. АНУ-ын эрүүл мэндийн яамны эх сурвалжийн мэдээлснээр Emergent BioSolutions үйлдвэрт гарсан алдааг давтуулахгүйн тулд AstraZeneca вакцины үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргажээ.

Үйлдвэрийн ажилчид хоёр вакцины найрлагыг хольсон нь гологдол гарах шалтгаан болсон гэдэг. Одооноос эхлээд тус үйлдвэр зөвхөн J&J вакциныг үйлдвэрлэхээр болж байна.

АНУ-ын засаг захиргаа одоогоор AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Туршилтын дата нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгох үйл явц саатаж байжээ. AstraZeneca сүүлд туршилтын датагаа шинэчилж өгсөн байна. Тус компанийн төлөөлөгчид вакциныг нь үйлдвэрлэх өөр байгууллага олохоор Жо Байдены засаг захиргаатай ярилцаж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн Энтони Фаучи зөвшөөрөл олгосон ч гэсэн AstraZeneca вакцин дархлаажуулалтад ашиглагдахгүй байх гэж хэвлэлд ярьж байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.