Энэтхэг улсад вакцины нөөц хүрэлцэхгүй болжээ


Энэтхэг улсад вакцины нөөц хүрэлцэхгүй болжээ

 

Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсад энэ сарын 1-нээс хойш өдөр бүр 100 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс халдварын тархалтыг зогсоохын тулд 85 өдөрт багтаан 100 гаруй сая тун вакцинд иргэдээ хамруулснаа зарлалаа.  Тус улс нэгдүгээр сарын 16-наас хойш 60-аас дээш насны ахмад настан болон халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, бусад  албан хаагчийн ихэнхийг хэдийнэ вакцинд хамруулсан байна. Харин  энэ сарын 1-нээс эхлэн 45-аас дээш насны бүх хүнийг вакцинд хамрагдах боломжоор хангажээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн  яам “Манай улс 85 хоногт 100 сая тун вакцинд иргэдээ хамруулснаар вакцинжуулалтыг хамгийн хурдан хугацаанд хийж байгаа улсаар шалгарлаа. Учир нь АНУ 89 хоногт, Хятад 102 хоногт багтаан 100 сая тун вакцинд иргэдээ хамруулсан” гэж мэдэгдэв. Мөн Энэтхэг улс долдугаар сар гэхэд 250 сая иргэнээ вакцинжуулах зорилго тавьжээ.Энэ зорилтдоо хүрэхийн тулд дархлаажуулалтын хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэтхэг улс Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран хөгжүүлсэн Covishield, Энэтхэгийн “Bharat” биологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Covaxin гэсэн хоёр вакциныг ашиглаж байгаа юм. Гэвч шинэ төрсөн нярай, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон төрлийн өвчнөөс хамгаалах олон сая вакциныг үйлдвэрлэж байсан Энэтхэг улс  цар тахлын сорилтод бүдэрлээ. Дотооддоо вакцины нөөцийн асуудал үүссэн тул Энэтхэгийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Серум хүрээлэн AstraZeneca вакцины экспортоо түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тус хүрээлэн сард 65-70 сая тун вакциныг Энэтхэг болон бусад улсад нийлүүлж байсан  боловч дотоодынхоо хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсныг өнгөрсөн долоо хоногт зарлав. Түүнчлэн Энэтхэг нас баралтыг хурдан бууруулахын тулд өдөрт 10 сая тун вакцинд иргэдээ хамруулах шааадлагатайг шинжээчид анхааруулжээ. Тус улс сайн дурын үндсэн дээр иргэдээ вакцинд үнэгүй хамруулж байв. Гэвч халдварын тархалтаас үүдэн иргэд нэг тунд 250 рупи буюу  10 мянга орчим төгрөг төлөн хувийн эмнэлэгт хамрагдаж эхэлжээ. Энэ сарын 11-ний байдлаар Энэтхэгт 13.3 сая хүн халдвар авч, 169 мянган хүн нас барсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.12 ДАВАА № 73 (6550)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.