Монголын сэтгүүл зүйн нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа. Сэтгүүлчдийг хэн дуртай нь "Муу сайн худалдагдсан, улстөрчдийн гар хөл, ямар ч боловсролгүй” гээд "Нүдэнд орсон хог шүдэнд орсон мах” шиг ад үздэг болоод байгаа. Мэргэжлийн салбарынхны нэр хүнд ийн уруудаж байх хойгуур жүжигчид, дуучид тэргүүтэй ихэвчлэн урлагийн сайн дурынхан сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч "болж”, юу дуртайгаа ямар ч цензургүйгээр олон нийтэд түгээж, сэтгүүл зүйн нэр хүндийг улам бүр шавартай хутгах боллоо. Иймд ёс зүйгүй, бусдыг зүй бус зүйлд уруу татсан, уриалсан, элдэв хараалын үг хэрэглэдэг, гоо зүйгүй нийтлэл, нэвтрүүлэг, шоунуудыг мэргэжлийн редакциуд нэвтрүүлэхээ, олон нийтэд хүргэхээ болъё. Ёс зүйгүй хөтлөгч, уран бүтээлчидтэй хамтран ажиллахгүй байя. Тэдний тоонд зүй ёсоор орох зарим нэвтрүүлгийг дурдъя.
"ЧИ ЁСТОЙ "АЛЦГАР” БАЙЖ ЧАДЛАА”
Монгол HD телевиз "Voice of Mongolia” гэх нэвтрүүлэг цувралаар гаргаж эхлэв. Voice of Mongolia бол монголчуудын үзэх дуртай, хайртай нэвтрүүлэг.
Гэвч нэгэн дугаарт шүүгч Ука үнэхээр цоглог, дайчин байж чадсан оролцогчоо "Чи ёстой "алцгар” байж чадлаа” гэж хэд хэд хэлэв. Ийм бүдүүлэг үгийг "бэлтгэсэн” нэвтрүүлэгт хасаж, засах боломж хангалттай бий. Гэтэл энэхүү үгийг хэдэн ч удаа хэлж, хөтлөгч нь даган баясч зогсохыг сонссон, харсан олон үзэгчийн ой гутах шиг болж, багагүй шүүмжилсэн ч тэгсхийгээд мартагдсан.
Дэлхийн хэмжээний шоуг шүүж буй шүүгчид хариуцлагатай, ёс зүйтэй байж, үзэгчдэд урлаг, гоо зүйн таашаал өгөх мэдлэг, зангарагтай байх ёстой. Гэтэл ийм алдаа нэг биш удаа гарсаар байгаад нэвтрүүлгийн багийнхан анзаардаггүй гэлтэй.
ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЗОЧИН НЬ ГАЙХУУЛАН ЯРЬЖ, ХӨТЛӨГЧ НЬ ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭСЭН НЬ
С.Сэрчмаад Б.Батчулууны нэгэн найз нь мисс эмэгтэйг хөдөө аваачиж архиар шахаж, тасартал нь согтоож байгаад хүчирхийлсэн тухай ярьж, амаа цууртал инээлдэж, маазарч байгаа бичлэг сүүлийн өдрүүдэд олны зэвүү, дургүйг хүргээд буй. Хүчирхийлэл тэдний хувьд зүгээр л онигоо төдийнхөн үү эсвэл онигоо хүчирхийлэл хоёроо ялгадаггүй гэж ойлгох уу зэрэг шүүмжлэл сошиал ертөнцөд хүчтэй өрнөж буй. Энэхүү ёс зүйгүй байдалдаа дуучин С.Сэрчмаа
"Тухайн өдөр дуучин Б.Батчулуун ах "25 дугаар суваг” телевизээр хөтлөн явуулдаг миний нэвтрүүлэгт оролцчихоод явж байсан юм. Түр машингүй явж байсан учраас би Тасганы овоо руу очих газарт нь хүргэх гээд явж байлаа. Ингээд бид лайв хийж, олон зүйлийн талаар ярьсан. Огт садар самуун сурталчилсан агуулгатай байгаагүй. Гэтэл цахим орчинд яг нэг хэсгийг нь тасалж аваад тэр агуулгыг нь цацчихсан байна. Би өөрөө маш хөгжилтэй, хошин хүн. Комеди группийн админ. Гэтэл үүнийг нь хүмүүс буруугаар ашиглаж, яг тухайн хөгжилтэй болгож ярьсан зүйлийг нь таслаад хийчихсэн байна лээ. Түүнээс биш, би өөрөө эх хүн, эмэгтэй хүн байж юу гэж албаар садар самуун зүйлс сурталчлах билээ дээ. Бидний яриа бол хөнгөн онигоо, хүмүүсийн дархлааг дэмжихээр хөгжилдөж байсан зүйл. Тэр өдөр маш их түгжрэлтэй хүмүүс уур бухимдалтай байсан. Тиймээс бид хүмүүсийн бухимдлыг тайлах зорилгоор хөгжилтэй зүйл ярьсан юм л даа” хэмээн тайлбар хийсэн нь асуудлыг бүр ч дэвэргэж, тэднээс олон хүн нүүр буруулахад хүргээд байгаа.
"ЧИ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН ҮҮ”
Т.Оргилмөнх залуу хөтөлдөг "Зэвүүн яриа” гэх нэвтрүүлэг байх. Тэр нэвтрүүлэгт орсон зочин хөтлөгч хоёрт орчлон дэлхийн хов жив, салсан сарнисан, уусан идсэн, зодож, нүдэлдсэн гээд ярихгүй сэдэв байхгүй. Ямар сайндаа л оролцогчоосоо "Хар тамхи татаж байсан уу” гэж асуугаад сууж байх вэ дээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгчийн ёс зүйгүй байдал, оролцогчоо доромжилж, үл хүндэтгэсэн тухай гомдол, шүүмжлэл цахим сүлжээгээр хангалттай бий.
ЗОЧНОО АРХИАР ШАХДАГ "ХАЛАМЦУУ ЯРИА”
Найруулагч Д.Галбаяр "Халамцуу яриа” гэсэн нэртэй нэвтрүүлэг хийдэг болоод байгаа. Ширээн дээр архи, виски тэргүүтэй согтууруулах ундаанууд өрчихсөн, даруулга ус ундаа, хоол унд ч тавьсан харагддаг. Нэвтрүүлэгт оролцож байгаа зочноо "Татчих, авчих, уучих” гэх маягаар шахаж гарна. Зочид нь эхлээд цэмцэгнээд бага багаар ууна.
Яриа, архиндаа халаад эхлэхээрээ зарим нь бүр өөрөө өөртөө хундагалаад уусан ч удаа бий гэх. Тэгээд л удалгүй уйлж унжиж, нус нулимсандаа хутгалдаж аваад амьдралаа илэн далангүй ярина. Зочноо согтоож байгаад, гөлөмцүү харцаар, зажилсан хэлээр аливаа асуудлаа ярихыг хөтлөгч нь шинэ түвшинд хийж байгаа контент гээд нэрлэчихсэн, сэтгэл өндөр тууж явна лээ. Согтож, халамцсан зочин нь амьдралдаа тохиолдож байсан хөгжилтэй явдлуудыг эхлээд ярина. Дараа нь гунигтай дурсамж, ижий аав, эхнэр, нөхрөө ярина.
Жишээ нь, Дуучин А.Түмэн-Өлзий тус нэвтрүүлгийн үеэр уйлсан. Ингээд нэлээд халамцсан дуучин ээж рүүгээ залгатал ээж нь шууд эфирт орж байна гэж хэлээд байхад нь л "Уучихсан, баярлаад л яваа юм биш үү” гээд охиноо нүүр хийх газаргүй болгож байгаа юм. Дараа нь дуучин эмэгтэй нэр төрөө цэвэрлэх гэж хөөрхий ээжийгээ гар утасныхаа өмнө зогсоочихоод бичлэг хийж, нэгэн сайтад ярилцлага өгөөд "Би тийм их уудаггүй” гэж байлаа.
ХООЛ ИДЭНГЭЭ ЗОЧНОО ДОРОМЖИЛЖ, ИНЭЭЛДСЭН ЭРЧҮҮД БУЮУ "БАЖИ & ЯЛАЛТ”
"Lumino” хамтлагийн дуучин Баажий буюу Б.Батхишиг, спортын сэтгүүлч Б. Ялалт нар хөтлөн олон нийтэд хүргэдэг "Бажи & Ялалт” гэх нэртэй нэгэн нэвтрүүлэг байх. Бусдаас ялгарах зүйл нь зочинтойгоо хамт хоол иднэ. Хоол идэхдээ зочноо дундаа суулгаж аваад "Хаданд цав суутал инээнэ” гэдэг шиг л юм болно. Бие биенийгээ доош нь хийж доромжилно. Бас зочноосоо "Анх хэрхэн архи уусан бэ”, "Анх хэнтэй, хаана унтсан бэ”, "Юу хулгайлж байсан бэ”, "Дээрэм бол хийж байсан л биз дээ” гэх мэт ёс зүйгүй суулт асууж, түүндээ баясан инээнэ. Гол нь нэвтрүүлгийнхээ үеэр хоол иднэ гэдгийг тэр хоёр үзүүлж өгнө. Тэр тусмаа шарсан хайрсан мах идээд л, шар айргаар даруулж уугаад л яриад байна. Идэж уусан юмаа тэрүүгээр нэг цацаад л инээгээд, идээд байна. Ер нь хоёр хөтлөгч л яриад, биенийгээ эсвэл зочноо шоглоод байхаас зочин нь төдийлөн ярьж амжихгүй байсаар дуусдаг байна.
АВДАР АВДРААР НЬ ШАР АЙРАГ СӨГНӨСӨН ЭРЧҮҮД ТОЙРЧ СУУГААД ХОВ ЯРЬСАН "URBAN TALK”
Дараагийн нэрлэх ёс зүйгүй нэвтрүүлэг бол Хөтлөгч Я.Учралын хөтлөн олонд хүргэдэг "Urban talk”. Өмнөө авдар авдраар нь шар айраг сөгнөж байгаад оролцогч залуус шил шилээр нь уугаад яриа дэлгэнэ. Олны танил гэх залуус ихэвчлэн орно. Тэд эрчүүд гэхгүй хов базна. Бөхчүүдийг муулж байснаа, "Тэр нэвтрүүлэгт орсны дараа тэр тэгж яриад” гэх мэтээр баахан гомдол ярьж, хүн муулж байснаа бүр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд цагдан хоригдсоноо хүртэл сайрхаад амжина. Хамгийн сүүлд гэхэд тус нэвтрүүлэгт "UB Сomеdу” залуустай хамт загвар өмсөгч Ээгий орж, нэвтрүүлгийн дүрэм ёсоор шар айраг шимэн ярилцав.
Тэр үеэр "Би Зөрчлийн хуулиас болж хэд хоног хоригдсон. Би гэхдээ төлбөртэй өрөөнд байсан. Төлбөртэй өрөө гэж байдаг юм билээ. Төлбөртэй өрөөнд орсон тохиолдолд ариун цэврийн өрөө орох зэрэг асуудалгүй. Харин нийтийн өрөөнд байгаа тохиолдолд ариун цэврийн өрөө рүү цагаар ордог. Үүнээс болж нэг хүн өмдөндөө бие засаж байлаа. Тэгээд уурандаа гэртээ очоод, эхнэрээ хөнөөчихсөн” зэрэг зүйл ярьж, олны дургүйцлийг хүргээд амжсан. Ингээд зогсохгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг хараалын үгээр хэлснийг нь ямар ч монтажгүйгээр шууд хүргэсэн юм.
Хамгийн сүүлд жүжигчин О.Дөлгөөн бас л ярилцлага хийгээд эхэлсэн. "Хамгийн дотны найзаа энэхүү нэвтрүүлэгт оролцуулж байна” гээд л ярих. Түүний ойрд уулзаагүй, нэг салбарын найз нөхөд, ах, эгчтэйгээ ярьсан нэвтрүүлэг цаашид хэрхэн үргэлжлэх нь сонин байна.
Сэтгэгдэл