Найз Н.Түвшинбаяртаа зодуулж хүндээр гэмтсэн улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдлын талаар ар гэрийнхнээс тодруулахад дараах мэдээллийг өгчээ.
-Э.Энхбат начны биеийн байдал дээрдэж байна уу. Ямар эмчилгээ хийж байна вэ?
-Эмч нар "Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн.
Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна.
-Зодуурын улмаас уушги нь устсан гэсэн үг үү. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?
-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар "Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна.
Эх сурвалж: https://ivoice.mn/?p=9162&fbclid=IwAR0wM5iLUBR7x4H5HsncfQZ_8Fogik715mw98e9WCOK3tlvtaf5fGSiuPtI
Сэтгэгдэл