Израилийн арми Газын зурваст цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ. Одоогоор онгоц, нисдэг тэрэг, танк, их буугаар Газын зурвасын хойд хэсэг рүү гал нээж байгаа аж. Израилийн армийн албан ёсны Твиттер хаягаар "Израилийн армийн хуурай замын болон агаарын цэргийн хүчин Газын зурвас руу довтолж байна" гэж бичжээ. Гэхдээ төд удалгүй Газын зурвас руу цэргээ оруулаагүй гэдгийг тодотгосон байна.
Хариуд нь Палестины зэвсэгт бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэр рүү гал нээжээ. Израилийн өмнөд хэсэгт орших Ашдод, Ашкелон зэрэг хотуудын чиглэлд хэдэн арван пуужин харважээ. Газын зурвасаас харвасан ихэнх пуужинг Израилийн Агаарын довтолгооноос хамгаалах систем зогсоож байгаа аж.
Израилийн сурвалжлагчид одоогоор хуурай замаар довтлоогүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд Израилийн цэрэг Газа руу өөрсдийн нутаг дэвсгэрээс гал нээж байгаа гэнэ. Хилийн ойролцоо оршин суудаг Газын зурвасын хойд бүс иргэд Израилийн цэргүүд үзэгдэхгүй байгаа ч их буугаар буудах чимээ сонсогдож, агаараас довтолж буйг хэлсэн байна.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар хилийн ойролцоо амьдардаг Палестины иргэд гэр орноо орхин дүрвэж, зарим нь НҮБ-ын харьяа сургуулиудад орогнож байгаа аж.
Мөн Газын зурвасын зүүн хойд хэсэгт Израилийн байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоц, нисдэг тэргээр гал нээж буйг ВВС-гийн сурвалжлагч хэлжээ.
Даваа гарагаас хойш Газыг хяналтдаа байлгадаг исламын "Хамас” бүлэглэл болон Израил улс харилцан гал нээсэн юм. Палестины талаас 100 гаруй хүн амь үрэгдэж, Израил руу пуужингаар довтолсны улмаас долоон хүн нас баржээ.
Израилийн арми Газа руу 600 гаруй удаа довтолсон гэж мэдэгдсэн бол Газагаас 1750 пуужин харвасан байна.
Пүрэв гарагийн орой Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху цэргийн ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгдэв. "ХАМАС болон бусад террорист бүлэглэлүүд бидэнд өндөр төлбөр төлөх болно гэж би хэлж байсан. Бид үүнийг одоо хийж байна, цаашдаа ч томоохон хүчин чадлаар үргэлжлүүлэх болно" гэж Нетаньяху хэлжээ. Энэ ажиллагаа Израил улсын аюулгүй байдал хангагдтал үргэлжлэх болно" гэсэн байна.
Түүний зэрэгцээ арабууд амьдардаг Израилийн бүс нутгуудад еврей болон арабуудын хооронд хүчирхийлэл гаарч, үймээн самуун дэгдэж эхэлсэн байна.
Пүрэв гарагт Израилийн арми цэргээ Газын хил рүү шилжүүлж байгааг мэдэгджээ. 7000 цэрэг татаж, хил дээрх цэргийн командлагч нарт бүх боломжит хувилбар, хурцадмал байдалд бэлтгэх үүрэг өгсөн байна.
Эх сурвалж: ВВС, CNN
Сэтгэгдэл