Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд гол ус бараадах болжээ. Гэтэл энэ үеийг далимдуулан голын эрэгт амарч буй иргэдийн хайхрамжгүй байдлыг ашиглан эд зүйлийг нь хулгайлах явдал гарсаар байгаа аж. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ард иргэдэд сэрэмжлүүлсээр байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Туул голын эрэгт амарч байсан иргэдийн машинаас эд зүйлс, мөнгө хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тухайлбал, өчигдөр 19.00 цагийн орчимд Туулын гүүрний зүүн талд "Автомашинаасаа эд зүйл алдлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад "Toyota camry” автомашины онгорхой хаалгаар хэсэг этгээд орж бичиг баримт, хувцастай хүрэн өнгийн цүнх, "Samsung note-3” гар утас хулгайлжээ. Хулгайлсан этгээдийн хувьд Орхон аймгийн харьяалалтай 42 настай эрэгтэй бусадтай бүлэглэн үйлдсэн байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн өчигдөр Туул голын орчимд "Honda CRV” автомашины цонхыг хагалан "Wiva”, "Samsung” гар утас, 45 мянган төгрөг хулгайлжээ. Хэргийг 18 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн хийсэн байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Сүүлийн сард Туул голын орчимд ийм байдлаар эд зүйлсээ алдах явдал гарсаар байгаа аж. Тиймээс ард иргэдийг амарч, зугаалах үедээ машинаа аюулгүй газар байрлуулж, эд зүйлдээ хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Б.ЗАЯА
Эх сурвалжийн линк: http://www.news.mn/r/308650
Сэтгэгдэл