Өнөөдөр ковидын халдвар улсын хэмжээнд 1143 хүрсэн нь нийслэлчүүдэд дахин аюулын харанга дэлдээд байна. Үүнээс зөвхөн хотод 1052 , хөдөө орон нутагт 91 байгаа нь ковидын дэглэм нийслэлд алдагдсаныг нотоллоо.
Нийслэлийн хувьд сүүлийн хэд хоногт хөл хорионы дэглэмийг бууруулж, бар ресторан, үйлчилгээний газруудыг нээсэн. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл эрс нэмэгдсэн. Өчигдөр гэхэд л хүүхдийн баяртайгаар холбоотойгоор гэр бүлийн зугаалга нэртэй "бөөгнөрөл” Туул голын эрэг, Тэрэлж зэрэг хоттой ойр орчмын газруудаар битүү байсан.
Мөн сүүлийн 14 хоног Монгол Улсын Ерөнхийлөгч өдөрт хэдэн зуугаар нь Төрийн ордонд цуглуулж, төрийн одон медалийн "бүүм” буулгаснаар Сүхбаатарын талбай өдөр бүр 3000-4000 хүн цугларч, ойр орчим нь зах худалдааны цэг болсон. Энэ мэт нь нийслэлд ковидын тархалтыг улам нэмэгдүүлж эхэлсэнд НОК анхаарал хандуулах цаг боллоо.
Хамгийн ноцтой нь халдвар авагсад насны хувьд залуужжээ. Энэ нь 25-44 насныхан вакцинд идэвхтэй хамрагдахгүй байгаатай холбоотой бололтой. Вакцинд хамрагдсан 2,5 сая гаруй хүнээс өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд хамрагдсан 8037 хүн, хоёрдугаар тунд хамрагдсан 3876 хүн халдвар авсан нь вакцинд хамрагдагсдын 0,44-0,53 хувь болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УОК-ынхонтой уулзах үеэр хэлснээр, Монгол Улсын нийт хүн амын 70 хувийг 0-17 насны 1,185,991 хүн эзэлдэг бөгөөд үүнээс 290 мянга гаруй нь 16-17 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй үлдээд байна. Тиймээс 25+ насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихгүй бол цаашид ковидын халдвар залуужиж болзошгүй байгаа аж.
Сэтгэгдэл