Боксын холбоо: Э.Цэндбаатарын согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд нь л хариуцлага тооцож шигшээгээс хассан


 Бокс: МУГТ Э.Цэндбаатар эхний ялалтаа авлаа | News.MN

Боксын ОУХМ, МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч тэрээр дараа нь цагдаад ярьснаа үгүйсгэсэн, Боксын холбоо энэ асуудалд нь хариуцлага тооцон шигшээ багаас хөөж, ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс хассан гэх мэдээлэл тараад буй. Боксын холбооноос өнөөдөр дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.

 Холбооны ЕНБД Э.Сайнбилэг "Манай холбоо шинээр зохион байгуулагдаад хэдхэн хонож байгаа ч УЗ-ийн хурал хоёр удаа хуралдаад байна. Холбооны ерөнхийлөгчөөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонгогдсон. Бид шинэ боксын холбоо маань юуны түрүүнд сахилга бат, хууль журмыг чанд биелүүлэх зарчмыг мөрдөж ажиллана.

УЗ-ийн хурал өчигдөр цахимаар болж дөрвөн шийдвэр гаргалаа.

  • ДАШТ-ий сорилго тэмцээний удирдамжийг Б.Атарбаярын санал болгосноор баталсугай
  • Сорилго тэмцээнд шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилсугай
  • Сорилго тэмцээний төсвийг Э.Сайнбилэгийн тогтоосноор баталсугай
  • Сахилгын зөрчил удаа дараа гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гарсан” гэв.

Э.Цэндбаатартай холбоотой шийдвэрийн талаар дасгалжуулагч Ж.Энхтөр "Манай боксчид эртнээсээ хатуу чанд сахилга баттай. Бид чухал тэмцээнд бэлтгэж, сорилгоо хийх гэж байна. Гэтэл ийм үед алдаа гаргаж байгаа нь зохимжгүй гэж үзсэн. Гавьяат томчуудад нь юм хэлж чадахгүй мөртлөө бага залуу хүүхдүүдийг загнаад байж таарахгүй. Өмнө нь ийм байсан, сүүлийн хэдэн жил энэ байдал нэлээд алдагдсан юм байна гэж харлаа. Цаашид ийм байж болохгүй” гэв.

МУХБ, МУГГТ Э.Бадар-Ууган "Э.Цэндбаатарын үйлдэл цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Холбоо, шигшээ баг зөвхөн хариуцлага алдаж шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг зөрчилд л хариуцлага тооцож байгаа” хэмээн мэдэгдсэнээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.