Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох болжээ. Ингэснээр
- 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
- 17 настай элссэн бол 2.5 сая
- 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргасан байна.
МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр боллоо. Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртассан. Мөн эхнэр, нөхөр хоёулаа суралцах болсон гэх мэт завхралууд гарсан. Төгсөөд тэтгэлгээ авснаар үсчин, засварчин гэх мэт мэргэжил эзэмшсэн хүүхдүүд ажлын багажаа шууд худалдан авч, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой.
Тэгээд ч МСҮТ-үүдийг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ нь халамжийн үйлчилгээ үзүүлэгч биш. Одоо сурч буй 30 мянган хүүхэд 18 нас хүрээгүй байна. Тэд сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгөө авна. МСҮТ, коллежийн оюутнууд дотуур байранд үнэ төлбөргүй суудгаас гадна дотуур байрны оюутнуудад сар бүр хоолны мөнгө болох 90 мянган төгрөг олгодог гэж ХНХЯ, Сангийн яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл