АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо энэ сарын 5-нд /орон нутгийн цагаар/ зохион байгуулагдсан реппер Травис Скоттын "Astroworld" хөгжмийн наадмын үеэр хүмүүс шахалдан, бие биенээ гишгэлэн дарж унан, нөхцөл байдал хүндэрч 8 хүн амь насаа алдаж олон арван хүн шархаджээ. Скотт энэ үйл явдлаас болж маш их сэтгэлээр унаж, мөн харамсаж буйгаа өөрийн твиттерээрээ дамжуулан илэрхийлсэн байна.
Хьюстоны гал түймэртэй тэмцэх газрын дарга Самуэль Пена хэлэхдээ, тоглолтын үеэр үзэгчид орон нутгийн цагаар 21:15 цагийн үед тайзны эргэн тойронд цугларч эхлэн дараа нь хүмүүс амьсгалж чадахгүйгээс ухаан алдаж эхэлсэн гэсэн бол, Хьюстон хотын цагдаагийн газрын даргын туслах Ларри Саттервайт уг үйл явдал хэдхэн минутын дотор л болсон юм шиг санагдсан гэж хэлжээ.
Хоёр үдэш үргэлжлэх байсан ч эхний өдрөө 75 минут үргэлжлилсэн тус тоглолтод 50 мянга орчим хүн цуглажээ. Тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэхийг хараад Скотт тоглолтоо зогсоож үзэгчдийг аюулгүй байгаа эсэхийг шалгахыг хамгаалалтынхнаас хүссэн гэнэ. Албаныхан 17 хүнийг эмнэлэгт хүргэснээс 11 хүний зүрх нь зогссон байдалтай байсан гэж Пена мэдэгдэв. Тоглолтын зохион байгуулагч Live Nation Entertainment-ын зүгээс холбогдох албаныхныг чадах чинээгээрээ дэмжин ажиллахаа мэдэгджээ.
Мөн мэдээж хоёр дахь өдрийн тоглолтыг цуцалсан.
Эрх баригчдын зүгээс уг хэрэг гарсны дараа ойр дотныхонтойгоо холбогдож чадахгүй байгаа хүмүүст зориулж ойролцоох зочид буудлыг ашиглах болсон талаар мэдэгдээд байгаа юм.
CBS болон Business Insider сайтын мэдээлснээр, Хьюстон хотын цагдаагийн газрын дарга Трой Финнер энэ сарын 6-ны өдөр мөрдөн байцаалтын мэдээллийг танилцуулахдаа "Хөгжмийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажилтнуудад үл таних хүмүүс мансууруулах бодис тарьсан гэх мэдээлэл байна. 5, 6-ны өдөр 25 хүнийг баривчилсан. Эдгээр хүмүүсийн 23 нь хууль бусаар тоглолтын талбайд нэвтэрсэн, 1 нь биедээ марихуан авч явсан хэргээр, бас 1 хүн нь олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэсэн хэргээр байцаагдаж байна" гэжээ. Гэхдээ баривчлагдсан 25 хүн дээрх ослын хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.
Ослын улмаас 25 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд одоогоор 13 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол бэртсэн хүмүүсийн 5 нь 18-аас доош насныхан байгааг хотын захирагч мөн өдөр мэдээлжээ.
Цагдаагийн байгууллага өдгөө ослын хэргийн шалтгааныг шалгаж байна.
SCANDAL.MN
Сэтгэгдэл