БИЕ СЭТГЭЛ, ЭДИЙН ЗАСГААРАА ХОХИРЧ ХОЦОРСОН-
НЭМГ-ын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржтой холбоотой асуудал манай сонинд нийтлэгдсэнээс хойш түүнтэй холбогдох гомдол мэдээлэл редакцид ирсээр байна. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 онд бөөрний дутагталд орж, эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхээр болж, Увс аймгаас Улсын нэгдүгээр эмнэлэгт ирсэн ч тухайн үеийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Бямбадоржийн хариуцлагагүй үйлдлээс болж, бие сэтгэл, эдийн засгаараа хохирсон иргэн Б.Маамуу дараах ярилцлагыг бидэнд өглөө.
-Та өөрт тохиолдсон зүйлээ яриач. Яг хэзээ болсон хэрэг вэ?
-Миний хувьд Б.Бямбадоржтой холбоотой авлигын асуудлын талаар энд ярихгүй. Харин эмчийн ёс зүй, хариуцлагатай холбоотой ноцтой зөрчлийг бол ярина. Яагаад гээч. Би өөрөө 2010 онд бөөрний архаг дутагдалд орж, Увс аймгаас Улаанбаатарт ирж, Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн юм. Улмаар энэ эмнэлэгтээ бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр болж, сар гаруйн хугацаанд хагалгааны бэлтгэлээ базааж, шинжилгээнүүдээ бүрдүүлсэн.
Охин маань донор болж, бид хоёр бүтэн сар гаруйн хугацаанд эмч нарын хэлснээр шинжилгээнүүдээ өгч, хувийн, улсын олон эмнэлгээр явсан. Ийнхүү нэгдүгээр эмнэлэгтээ хагалгаа хийлгэхээр тохироод хагалгааны өмнөх шинжилгээнүүдээ өгөөд явж байх тэр үед Б.Бямбадорж Нэгдүгээр эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч байсан. Эрхтэн шилжүүлэх хагалгааны шинжилгээ болохоор маш олон төрлийн ч шинжилгээ өгсөн. Эмч нарын хэлснээр "Тийшээ очоод тэнд тийм шинжилгээ өг. Тэр эмнэлэгт очоод ийм шинжилгээ өг” гээд хэлсэн болгоноор нь яваад л байлаа.
-Тэгээд та хагалгаанд орохоор болсон уу?
-Тийм ээ. Хагалгаанд орох шинжилгээнүүд маань ч бүрдэж, Нэгдүгээр эмнэлэгт хэвтлээ. Хэвтсэний дараа хагалгаа хийх багийн хурал ч болов. Тэр баг 11 хүний бүрэлдэхүүнтэй. Одоо ч эрхтэн шилжүүлэн суулгалтын баг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэр багт ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн эмч, унтуулгын эмч, лабораторийн хоёр эмч, мэсийн хоёр эмч гэх зэрэг бүрэлдэхүүнтэй. Дээрх бүрэлдэхүүнтэй эмч нарын зөвлөгөөнөөр нь ч орлоо. Хагалгаа хийгдэх өдрийн ч тов гарав. Гэтэл гэнэт л хагалгаа хийхгүй гэсэн мэдээг манай охин надад хэлсэн.
-Яагаад тэр вэ?
-Эмч нарын зөвлөгөөнөөр орчихоод эмнэлгийнхээ өрөөнд дөнгөж орж ирээд удаагүй байтал охин маань миний өрөө рүү ороод ирсэн. Тэр "Ааваа, эмч намайг дуудаад "Танай аавд хагалгаа хийхээ больсон шүү” гэж байна гэлээ. Тэгж хэлэхээр би гайхна биз дээ. Хэдхэн минутын өмнө "Танд хагалгаа хийнэ” гэж хэлээд "Хагалгааны зардлаа энэ данс руу хийгээрэй” гээд Нэгдүгээр эмнэлгийн дансыг өгөөд гаргасан хүмүүс яагаад гэнэт шийдвэрээ өөрчлөх болов. Сонин байгаа биз.
-Харин тийм. Яагаад тэгсэн юм бол?
-Бөөрний зөвлөх эмч Нямсүрэн гэдэг эмч манай охинд хэлсэн байсан. Тэгээд би ч гайхаад "Юу болж байгаа юм бэ. Чи бид хоёр чинь дөнгөж сая зөвлөгөөнөөр ороод хагалгаанд орно” гээд гарч ирсэн биз дээ хэмээн гайхсанаа охиндоо хэллээ. "Нямсүрэн эмч л ингэж хэллээ” гээд охин маань ч их гайхсан шинжтэй. Тэгээд би коридорт хүн амьтнаас лавлая гээд гартал биднийг үзэж байсан Мөнхжаргал эмчтэй таарлаа. Эмчээс "Яагаад хагалгаа хийхгүй” гэсэн талаар асуухад "Өө би мэдсэнгүй” гэдэг юм байна. Тэгээд шууд захиргааны тасаг руу нь яваад очлоо. Тэнд зөвлөгөөнд сууж байсан унтуулагч эмч явж байна. Би өөрөө мэдээгүйжүүлэлтийн эмч хүн. Түүнийг ч танина. Тэгээд асуулаа нөгөө эмч маань өөдөөс "Харин тийм ээ, Хятадын Хан доктор хагалгааг ирж хийдэг байсан. Бид бие дааж хийдэггүй юм. Тэгсэн Хан доктор "Хоёр хүний цусны бүлэг өөр байна. Тиймээс би хийхгүй” гэж хэлж байна" гэв.
Тэгээд сая зөвлөгөөнөөр та нар тэрийгээ ярьдаггүй юмуу гэтэл ”Таныг гарсны дараа тэр эмчтэйгээ ярихад ингэж хэлсэн” гэдэг юм байна. Тэгэхээр нь "Одоо би яах вэ” гэтэл өөдөөс "Одоо та гадаад дотоод л явж хийлгэнэ дээ” гэлээ.
-Тэгээд та яасан бэ?
-Хамгийн гол зүйлээ би одоо хэлэх гэж байна. Энэ явдал ганц надад ч тохиолдсон зүйл биш. Энгийн маш олон өвчтөнүүдийг ийм байдлаар чирэгдүүлж ирсэн байдаг. Тийшээ очоод тийм шинжилгээ өг, тэг ингэ гээд явуулаад л байдаг. Тэгэхдээ хамгийн эхлээд ямар ч хагалгааг хийхэд нэн түрүүнд цусны бүлгийг нь хардаг. Ийм байтал эрхтэн шилжүүлэх хагалгаа хийх гэж байгаа бол хамгийн эхлээд цусны бүлгийг нь харах ёстой. Гэтэл миний охин, бид хоёрыг сар гаруйн хугацаанд хагалгаанд оруулна гэж явуулахдаа бидний шинжилгээтэй огт танилцаагүй байгаа нь тодорхой болж байгаа юм. Тэгээд яг орох болоход бид хоёрын цусны бүлэг хоёр өөр байгааг мэдсэн. Тийм хариуцлагагүй байдлаа хэлж чадахгүй болоод ирэхээрээ "Гаднын эмч рүү чихчихэж байгаа юм. "Хан доктор хийхгүй гэж байна” гэсэн тайлбар өгч байгаа нь тэр байхгүй юу. Тэгэхээр би энэ дээр дахиад нэг зүйл хардаж байгаа юм.
-Юу хардаж байгаа гэж?
-Тухайн үед Хан доктор руу ярих хугацаа болоогүй. Бид хоёр эмч нарын зөвлөгөөний өрөөнөөс гараад 30 минут ч болоогүй байхад тэр гаднын эмч рүү ярьж амжих ч үгүй. Тэгээд ч ганцхан бид хоёр тэр зөвлөгөөнөөр ороогүй. Бидний дараагаар эмч нарын зөвлөгөөнөөр орох өчнөөн хүн байсан. Бараг л тав, зургаан хүн харагдсан. Тэр хүмүүсийн асуудлыг шийднэ. Түүний дараа утсаар ярина биз дээ.
Тэгэхээр тухайн үед эмч нарын зөвлөл өөрсдийнхөө алдааг цайруулахын тулд Хятадын эмч рүү ярьсан болж жүжиглэсэн гэж харддаг юм. Ухаандаа өөрсдөө уснаас хуурай гарсан. Тэр үед би үнэхээр гомдож, өчнөөн өргөдөл бичсэн. Анхнаасаа тийм байсан юм бол сар гаруйн хугацаанд яах гэж гадуур баахан шинжилгээ өгүүлсэн юм бэ. Зөвхөн гадуур хийлгэсэн шинжилгээнд л гэхэд тухайн үед тав орчим сая төгрөг зарцуулсан. Бүхэл бүтэн 11 хүн сууж байгаад хагалгаа хийхийг зөвшөөрчихөөд нэгдүгээр эмнэлгийн данс өгч, гурав орчим сая төгрөг дансанд хий гэчихээд гэнэт шийдвэрээ өөрчилсөн энэ хэрэг бол цэвэр эмчилгээ эрхэлсэн орлогчийн хариуцлагагүй үйлдэл. Хамгийн их гомдолтой нь бие муу байхад тэгж хүнийг сар гаруй явуулчихаад өчнөөн зардал чирэгдэл гаргуулчихаад төгсгөл дээр нь "Хагалгаа хийхгүй” гэж хэлж байгаад нь үнэхээр гомдсон. Тэр комиссыг ахалдаг, энэ бүх асуудлыг хариуцдаг хүн нь Эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Бямбадорж байхгүй юу. Үнэхээр хариуцлаггүй хүн.
-Та өөрөө эмч хүн юм байна?
-Тийм ээ, би түрүүн яриан дундаа хэлсэн. Би мэдээгүйжүүлэлтийн эмч. Тухайн үед би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга хийж байсан. Тэр бүрэлдэхүүнд байсан 11 хүний есийг нь гэхэд би сайн танина. Яагаад вэ гэвэл, хамт сургууль төгссөн, Анагаахын дээдийн дээд доод курсын эмч нар, хамт сургалт семинарт сууж явсан мэргэжилтнүүд байсан. Тэд ч намайг мэддэг байсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, би бас ч энгийн нэг иргэн биш эмнэлгийн дарга, мэргэжил нэгтэй хүн байсан. Надад ийм хариуцлагагүй байдлаа харуулж байгаа юм чинь жирийн нэгэн иргэнд бол яаж ханддаг ойлгомжтой шүү дээ. Ингэж бодохоор өнөөдөр ч гэсэн үнэхээр их бухимдаж явдаг. Эрүүл мэндийн салбарт ийм хариуцлагагүй хүн ажиллаж болох уу. Би тухайн үед өргөдөл бичээд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавд өгөх гэсэн боловч ар гэрийнхэн маань болиулсан. "Адилхан эмч юм чинь нэг удаа хэл ам гаргаад яахав. Тэгээд ч бие тань муу байхад хэрүүл заргаар яахнав” гээд гэрийнхэн минь хэлсэн болохоор дуугүй өнгөрсөн.
-Та тэгээд хагалгаагаа яасан бэ?
-Хагалгаагаа Солонгост хийлгүүлсэн. Би 2010 оны дөрөвдүгээр сарын 28-нд Увсаас Улаанбаатарт ирсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орно гэж баахан цаг алдаад тухайн оныхоо аравдугаар сард гадаадад хагалгаанд орсон. Уг нь намайг нэгдүгээр эмнэлгээр хий дэмий явуулаагүй бол би цаг хугацаа, эдийн засаг, бие сэтгэлээрээ хохирохгүй байсан.
Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Тиймээс эрүүл мэндийн олон мянган эмч ажилтан та бид энэ салбараа арчаагүй байдлаас гаргах хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэх эрхэм зорилго бол зөвхөн та бидний амин чухал зорилт. Ийм байхад тийм хариуцлагагүй үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй. Над шиг хохироод үлдсэн олон зуун хүн байгаа гээд бод. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй этгээдэд хатуу хариуцлага тооцох учиртай гэв.
Б.Бямбадоржийн балаг үүгээр дууссангүй. Түүний талаар салбарын эмч, эрдэмтэн, докторууд нь сонин хэвлэлээр удаа дараа шүүмжилж байжээ. Тухайлбал, Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Жамбалжав "Өдрийн сонин”-д 2015 онд өгсөн ярилцлагадаа ”Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байгаа нь үнэн. Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болсон шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэг ёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна л даа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд бол үнэхээр сайн ажилладаг. Ялангуяа ахмад эмч нар маань олон жилийн туршлагатай, гагцхүү тэдний үйл ажиллагааг дэмжиж удирдлагын зохион байгуулалт менежментийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээр эмнэлгийн сайн нь Б.Бямбадорж даргын биш, тэнд ажиллаж байгаа чадвартай эмч, ажилтнуудын гавьяа шүү дээ. Би нэгээхэн цаг үед тус эмнэлгийн даргаар ажиллаж байсны хувьд хэн нь яаж ажилладгийг мэднэ” гэж ч ярьсан удаатай.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл