Коронавирусын “Омикрон” хувилбар өнгөрсөн сараас дэлхий даяар хурдацтай тархаж улс орнууд эргэн хилээ хааж, хөл хорио тогтоож эхлээд байгаа. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгджээ. Тэгвэл ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалт, вакцины нөлөөллийн талаарх олон улсад хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Нэг сарын өмнө ӨАБНУ-д анх бүртгэгдсэн омикрон хувилбараас вакцины болон өвчилсний дараа үүссэн дархлаа хамгаалахгүй, хүндрэл үүсч, нас баралт нэмэгдэх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлээд байв. Тэгвэл ӨАБНУ-д хийгдсэн судалгаагаар омикрон хувилбарын давалгааны үед коронавирусын эсрэг бүрэнд тунд хамрагдсан иргэдийн нас баралт, эмнэлэгт хэвтэх, хүндрэх тохиолдол бага, хүний биеийн дархлааны систем хариу урвал өгсөн судалгааны үр дүн гарсан байна. Одоогийн байдлаар омикрон хувилбарын тохиолдлын тоо ӨАБНУ, Их Британи улсуудад оны сүүлээр эрчимтэй буурч эхэлжээ.
Эдгээр давалгаа, судалгааны үр дүнг үндэслэн эрдэмтэд гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж нас баралт, хүндэрлээс сэргийлэхийг уриаллаа. Харин омикрон хувилбар бусад хувилбараас илүү хурдан хүнд халдварлах чадвартай аж. Мөн Их Британи улсын хийсэн судалгаагаар энэ оны сүүлээр омикрон хувалбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Түүнчлэн Изриал улсын эрдэмтэд коронавирусын дархлаажуулалтаас үүссэн эсрэг биеийн түвшин гурван сарын дараа буурч байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилчид, ахмад настнуудаа дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн талаар мэдээллэв.
Харин манай улсын тухайд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбар олон улсад тархсан тул гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлаж шинжилгээ авч байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос 95 нислэгээр 9723 иргэн ирсэн. Эдгээрээс эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илрээд байна. Батлагдсан тохиолдлуудад вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд омикрон хувилбар илрээгүй. Мөн олон улсын энхийг сахиулагч 244 албан хаагчдын шинжилгээнээс омикрон илрээгүй” гэв. Түүнчлэн иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж онцын шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байхыг уриаллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 2 (6734)
Сэтгэгдэл