Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичиг бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт “Russia-1” телевизэд ярьжээ.
Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас хэзээ ч татгалзаж, бултаж байгаагүй. Уулзах бүрэн боломжтой. Гэхдээ хоёр талын төлөөлөгчид шаардлагатай бичиг баримтыг бэлтгэсэн байх хэрэгтэй. Хоосон санаа, бодол биш, тодорхой бичиг баримт бэлэн болсон цагт уулзалтыг товлоно. Украин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй туршлагатайг бид сайн мэднэ” гэж ярьсныг ТАСС агентлаг дамжуулав.
Харин Путины туслах Владимир Мединский хоёр улсын хооронд байгуулах гэрээ дээд түвшний уулзалтад танилцуулахад хараахан бэлэн болоогүй байгаа тухай “Telegram”-даа бичжээ. Ингэхдээ хоёр улсын тэргүүлэх түвшний төлөөлөгчид энэ долоо хоногийн баасан, бямба гарагт цахимаар уулзаж, гэрээний эх бичгийн талаар ярилцахаар болсныг тэрбээр мэдэгдэв.
Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ сарын 1-нд мэдэгдсэн. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ уулзалтыг зохион байгуулах нь тус улсын хувьд нэн тэргүүний чухал чиг үүрэг гэдгийг тодотгосон юм. Гэхдээ хоёр улсын нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байгаа учир уулзалтын товыг тодорхой зарлахад хэцүү гэдгийг Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин ярьжээ.
ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Алексей Ерхов өчигдөр /2022.04.04/ “Орос, Украины хэлэлцээний явцыг хөнгөвчлөх гэсэн Туркийн хүчин чармайлтыг Москва өндрөөр үнэлж байна" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)
Сэтгэгдэл