Сангийн сайд Б.Жавхланг АНУ руу ОУВС-ийн ээлжит хуралдаанд явахаар онгоцондоо суух мөчид амжиж хариулт авлаа. Түүнээс зайлшгүй хариулт сонсох нэг асуудал байсан юм. Тэр бол УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханнаж ХЭЛЦЭЛ хийж харилцан суутгах санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж ажилласан. Түүнээс "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэх "Монголиан коппер корпорейшн” талтай хийсэн хэлцэл яг одоогийн байдлаар ямар шатанд байгааг асуугаад үлдэх нь чухал байв. Азаар ч гэх үү, шударга ёс, хөдөлшгүй баримтын дүнд бидний зорилго нэгэн үзүүрт байгаа бололтой. Тэр бол Монголын төр "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мэдэлд буцаан авахын тулд худалдан авсан гэх тал буюу "Монголиан коппер корпорейшн”-д төлбөрөө төлөх явдал бөгөөд "Ялалтын тугаа хатгахад” тун ойрхон ирсэн аж. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар нэг гол ажлыг нугалсан. УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолын 3-т заасан "ХЭЛЦЭЛ” гэдэг гогцоо түлхүүр үг буюу "Кью Эс СИ” ХХК, "Хөтөл” ХК-ийн харилцан хамаарлыг л уг тогтоол гарснаас хойш үе үеийн Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгүүд хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байсан.Уг тогтоолын дараа "Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол гарсан байдаг. Үүнд "Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400 сая 270 мянган ам.долларыг нэр дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцохыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба нарт даалгасан байдаг. Энэ дунд одоо хамгийн ихээр анхаарал татаад байгаа Хөгжлийн банк-Кью Эс Си ХХК болон Хөгжлийн банк-Худалдаа хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөрүүдийн асуудлууд багтсан байна. Үүнд онцолж хэлэхэд Ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ямар эх үүүсвэрүүдээс, ямар дарааллаар суутган тооцох жагсаалтаа гаргаж, үүний дагуу УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол гарсан. Эдгээр эх үүсвэрүүд болон дараалал нь өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй гэдгийг өнөөдрийн Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.
Зөвхөн ханшийн зөрүүнээс өдөр тутамд 1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна!
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон түүний Сангийн сайд Б.Жавхлангийн өмнөх Ажлын хэсгүүдээс илүү хүрсэн амжилт нь "Эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк болохыг” болон "Кью Эс Си ХХК, Хөтөл ХК-ийн харилцан хамаарлыг” талуудаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан.
Тэр чадсан. Яасан бэ гэвэл Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Б.Жавхлан сайд Засгийн газарт асуудлыг танилцуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд "Монголиан коппер корпорейшн”-ий удирдлагуудад санал хүргүүлсэн. Үүнд дээрх харилцан хамаарлуудыг нь дурдаад яаж суутган тооцох саналтай байгаагаа хүргүүлээд байр суурь, саналаа Ажлын хэсэгт яаралтай ирүүлэхийг хүссэн байдаг. Нийт дүн 1.1 их наяд төгрөг!
Энэ үед ам.долларын ханш 2800 төгрөг байв, энд 400.27 сая ам.долларын тухай ярьж байна. Харин өнөөдөр ам.долларын ханш өсөж өнөөдрийн байдлаар 1.24 их наяд төгрөгийн тухай ярих нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл энэ бол анхнаасаа ам.доллараар тооцогдсон хэлцэл, төгрөгт шилжүүлж тооцож байгаагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар ханшийн алдагдлаас болж "Монголиан коппер корпорейшн”-д төлөх төлбөрт сард 31 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүнийг яаралтай таслан зогсоох шаардлагатай биш гэж үү?
Алдагдалд бага орохын тулд цаг алдалгүй суутган тооцож эхлэх шаардлагатай байна.
Хөгжлийн банкны өрийг суутган тооцох нь төлбөрөө төлөх Засгийн газрын мэргэн санаа мөн. Үүний тулд Засгийн газар, эрх баригч МАН Хөгжлийн банкны дуулианыг дэгдээсэн ч байж болох юм гэх таамаглал төрж байна. Хэрэв тэгээгүй бол "Монголиан коппер корпорейшн”-ийнхэн "Эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк болохыг” болон "Кью Эс Си ХХК, Хөтөл ХК-ийн харилцан хамаарлыг” хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ. Ингээд 400 сая ам.доллараа авахын тулд "Монголиан коппер корпорейшн”-ийнхэн Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад 2022 оны 02 дугаар сарын 22-нд Сангийн сайдын албан бичигт хариу хүргүүлсэн. Үүнд суутган тооцох боломжтой эх үүсвэр ба үндэслэл, Суутган тооцох боломжгүй эх үүсвэр ба үндэслэлээ бичсэн байдаг. Суутган тооцох боломжтой эх үүсвэр гэдэгт Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдлүүдийг багтсан.
Онцлууштай нь "Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет ХХК хоёр компанийн хувьцаа төрд шилжсэн үйлдэл нь "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн бие даасан сайн дурын шийдвэр биш учих нийт хэлцлийн үнэлгээг анхны худалдан авсан үнээр тогтоох нь зах зээлийн бус аргачлал юм” гээд торгууль, алданги, нэмэгдүүлсэн хүү, эх үүсвэрийн хүү зэргээс хүлээсэн ноцтой хохирлуудаа ч дурдсан байдаг нь маргах аргагүй. Мөн тус компанийн зүгээс олон улсын нэр хүндтэй аудит үнэлгээний байгууллагуудаар өнөөгийн үнэлгээг тогтооход татгалзах зүйлгүй, холбогдох зардлыг манай байгууллага хариуцах боломжтой гэжээ. Түүнчлэн 49 хувийг Засгийн газарт шилжүүлж байгаа учир ирээдүйд үүсэх аливаа татварын үүргийг хүлээх үндэслэлгүй , хүлээн авагч тал хариуцахаар хэлцэлд тусгаад хэлцлээ цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү хариу бичиг 2022 оны 02 дугаар сарын 22-нд эзэндээ очсоноос хойш "Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Сангийн сайд Б.Жавхланд "Таны ирүүлсэн саналд хариу хүргүүлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрлөө. Манай саналыг танай Ажлын хэсэг хэлэлцсэн эсэх талаар болон цаашид хэлцэл хэрхэн үргэлжлэх талаарх мэдээллийг шуурхай ирүүлнэ үү” гэсэн бичиг явуулснаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна.
Хэн нэгнийг шоронд хийснээр Засгийн газрын төлбөр ч буурахгүй, Хөгжлийн банкны зээл ч хаагдахгүй
Энэ хооронд юу болов? Хөгжлийн банкнаас авсан зээлийн өрөнд Хөтөл ХХК болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хураан авч Засгийн газар захирлуудаа томиллоо. Худалдаа хөгжлийн банкны удирдлагын нэр бүхий хүмүүсийг АТГ шалгаж байна. Цаашид хорьж саатуулж ч мэдэх яриа өдөр бүр шахам гарах боллоо.
Хэрэв хэлцэл үргэлжлүүлэх бол ийм үйл явц болох байсан уу? Эсвэл Засгийн газар хэлцлээ хойш тавьж шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлэх замыг сонгов уу? Тийм бол өмнөх хоёр үйлдвэр дээрээ дахин зээлийн өртэй хоёр үйлдвэр "хүчлэн хурааж аваад”, "эздийг нь шоронд” хийснээр Монголын талд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчрахаар шийдэв үү гэдэг асуулт хариулт нэхэж байна.
Хэрэв хэлцэл үргэлжилбэл өнөөдөр бэлнээр төллөө гэж бодоход 400.27 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөгийг "Монголиан коппер корпорейшн”-д төлнө. Маргааш, эсвэл нэг сарын дараа, хоёр сарын дараа ам.долларын ханш хэрхэн өсөхөөс шалтгаалж Засгийн газрын төлөх хэмжээ нэмэгдсээр байх болно. Сангийн сайдын ирүүлсэн саналын дагуу буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд ирүүлсэн саналаар бол 1.1 их наяд төгрөг төлнө. Үүнээс Хөгжлийн банкин дахь нийт зээлийн үлдэгдэл 495 тэрбум төгрөгийг хасч тооцох уу, эсвэл бэлнээр 400 сая 270 мянган ам.долларыг "Монголиан коппер корпорейшн”-д төлөх үү? Үүний дараа л "Эрдэнэт үйлдвэр” Монголын Засгийн газрын мэдэлд 100 хувь шилжих ёстой. Энэ бол Үндсэн хуулийн Цэцэд тултал бүх шатны шүүхээр шийдэгдсэн, заавал биелүүлэх ёстой хүчин төгөлдөр шийдвэр. Үндсэн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Төрийн мэдэлд авах, Хөгжлийн банкны өрийг төлүүлэх явдал байсаар байтал яагаад хэн нэгнийг, хэсэг хүмүүсийг шоронд хийх тухай асуудал эн тэргүүнд яригдах болов. Хаана, хаанаа яаравчлан хэлцлээ үргэлжлүүлж, аль болох алдагдал багатайгаар Эрдэнэт үйлдвэрээ Монголын төр бүрэн авч, Хөгжлийн банкны өрийг төлүүлэх хүсэл байгаа бол Засгийн газар яарах хэрэгтэй байна. Учир нь өдөр хоног өнгөрөх тусам буюу валютын ханшаас үүдэлтэй нэг хоногт 1 тэрбум төгрөгийн алдагдал Та бүхнийг хүлээж байна!
Сахалгүй "Сахал”-ын мэхэнд Засгийн газар унаж болохгүй!
"Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг "Улаан бал” нэвтрүүлгийн тайзнаас Монголын ард түмэн харлаа. Тэр амьд сэрүүн яриад сууж байгаа нь удаа дараа Монголын төрд "дээрэмдүүлснээ” тайлбарлах гэсэн зорилгоос нь ч илүү сонирхолтой байсан байх. Гэтэл өнөөдөр яагаад Хөгжлийн банк түүнээс зээлийн төлбөрөө авч чадахгүй байна вэ? УИХ, Засгийн газраас гарсан дээр дурдсан Суутган тооцох тухай шийдвэрүүд байгаа учраас авч чадахгүй байна. Тэгвэл яагаад Суутган тооцох тухай шийдвэрүүд гарсан бэ? Монголын төр хувийн компанийн худалдан авчирсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчихсан. Одоо төлбөрөө яаж хийх вэ? Ямар ч байсан бүх шатны шүүхийн шийдвэр, удаа дараагийн УИХ, Засгийн газар, Цэцийн шийдвэрийн дагуу Засгийн газар "Монголиан коппер корпорейшн”-д 400 сая 270 мянган ам.долларыг төлж байж авах ёстой. Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-нд ирүүлсэн саналаар бол 1.1 их наяд төгрөг, яг өнөөдрийн байдлаар бол 1.2 их наяд, харин маргааш, нэг сарын дараа хэд болтол өсөж төлөгдөхийг таашгүй. Учир нь хэн нэгнээс үл шалтгаалан ам.долларын ханш өссөөр байна. "Сахал” хочит Д.Эрдэнэбилэг сахалгүй шахам эрүүгээ илэн тайван ярьсны учир энэ байсан юм биш үү? Одоо түүний мэхэнд Засгийн газар унаж, төрөөрөө түүнд тэврүүлэхгүйн төлөө ухаанаа уралдуулах ёстой биз ээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар учраас л үүнийг хийж чадна. Б.Жавхлан сайд "чагтнаас мулталж” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд бүрэн авчрах, Хөгжлийн банкин дахь "Хөтөл”-ийн өрийг төлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
https://ubn.mn/p/26590
Сэтгэгдэл