-УУЛЫН МОДЫГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖИЛ ИД ӨРНӨЖ, ТОО СУДАЛГААГАА ГАРГАЖ БАЙНА. УРГАА МОДЫГ УЛААНБААТАРТ СУУЛГАЖ, ҮХҮҮЛДЭГ АЖЛЫГ ЗОГСООЖ ӨГӨӨЧ, Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АА-
"Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахад зориулж ойгоос мод шилжүүлэн суулгахыг зөвшөөрөв” гэх Хотын менежер, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга хоёрын Ойн хуулийг зөрчсөн алга дарам санамж бичиг бол Монголын ойн санг цөлмөх эрх. Энэ санамж бичгийн хүрээнд ойн сантай аймгуудаас машин машинаар нь зулзаган моддыг тээвэрлэж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байгааг бид өнгөрсөн намар газар дээрээс нь сурвалжлан хүргэж байлаа. Тодруулбал, шилжүүлэн суулгах нэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шандын амны ойн захаас цаасан дээр бичсэн тоогоор 2000 гаруй модыг зөөгөөд аваад явсан байсан билээ. Мод шилжүүлэн суулгах зөвшөөрөлтэй гэх таван компанийн ажилтнууд уулын энгэрийн модыг хайр гамгүй сугалж, дөнгөж газрын хөрснөөс төө, дэлэм ургаж буй нялх модыг хүнд машины дугуйгаар хуга, няц дайрч, энд тэндгүй ухсан нүх нь харлаж үлдсэн байсныг, хууль бусаар мод тээвэрлэсэн гэдгийг бид баримттайгаар хүргэсэн юм. Тэгвэл тэдний хар түүх, ухаад аваад явсан модны нүүхийг бөглөж амжаагүй байтал Сэлэнгийг зорих, ойн санг цөмлөх том машины цуваа хөдөлжээ. Өөрөөр хэлбэл, ойн сангаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан компаниуд ажилдаа оржээ. Уулын модыг Улаанбаатар руу шилжүүлэн суулгах нэрийдлээр амьд байгаль сүйтгэж, ойгоос соёлтойгоор хулгай хийдэг, мөнгө угаадаг, зулзаган моддыг "сэхээний тасагт” сэхэл авахгүй болтол нь тарчлаадаг, "хатсан борц” болгож, нийслэлийг модны "оршуулгын газар” болгодог ажил энэ зун, энэ намаржин үргэлжлэх нь тодорхой болсныг сурвалжиллаа.
ОЙН САН НЭЭГДЭЖ, МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр орон нутгуудын Ойн ангийн дарга нарт захирамж очиж, ойн санг нээх зөвшөөрөл өгчээ. Өөрөөр хэлбэл, ойгоос мод бэлтгэх, тээвэрлэх, шилжүүлэн суулгах зөвшөөрөл нээлттэй боллоо гэсэн үг. Энэ хугацаа гурван сарын турш нээлттэй байх бөгөөд зөвшөөрөлтэй компаниуд ойгоос 90 хоног мод шилжүүлэн суулгах нь. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур, Алтанбулаг сумаас олон мянган модыг шилжүүлэн суулгах зөвшөөрлийг албаныхан олгосон байдаг. Тэгвэл энэ жил шилжүүлэн суулгах модны тоог аваад эхэлсэн байна.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шилжүүлэн суулгах модны тоог тодорхой болгож явуулах хугацаатай даалгаврыг сумдын Ойн ангийн дарга нарт хүргүүлсэн байна лээ. Жил болгон шилжүүлэн суулгах нэрээр ойгоос булгалаад аваад явдаг модны тоо Тэрбум мод тарихтай холбоотойгоор улам нэмэгдэх хандлагатай байна. Ойн ангийн дарга нар шилжүүлэн суулгах шаардлагагүй газрыг зааж, их хэмжээгээр мод зөөвөрлөх ажилд гар бие оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ойг самнаж, шилжүүлэн суулгах модны тоог гаргаж байгаа гээд багаараа явж байна лээ. Одоо нийслэл рүү мод ачсан машины цуваа үргэлжлэх нь. Ойдоо ургаж байгаа модыг шилжүүлэн суулгах нэрийдлээр авч яваад, нийслэлийн ногоон байгууламжийн газарт өндөр үнээр зардаг бүлэглэл хэдийн ажилдаа орчихсон гэсэн үг” гэлээ.
УУЛЫН МОДЫГ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВААД, УЛСАД 10 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ШАХДАГ КОМПАНИУД ЭНЭ ЖИЛ ХЭЧНЭЭН МОД СУГАЛАХ ВЭ
Компаниуд ойн сангаас нарс модыг 37-39 мянган төгрөгөөр худалдаж аваад, улсад 380-600 мянган төгрөгөөр шахдаг. Энэ ажил энэ ажил ч бас үргэлжлэх нь. Үргэлжлэх үргэлжлэхдээ өндөр тоогоор, өнгөрсөн жилүүдийнхээс хэд дахин их хэмжээтэйгээр, өргөн хүрээтэйгээр ажил хэрэг болж, олон модны амийг таслах нь.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Ойн экологи, эдийн засгийн үнэлгээ баталж байсан аж. Тус тушаалаар өсвөр залуу 1-2 метртэй нарс модыг 124.176 төгрөгөөр үнэлжээ. Харин 2-3 метр өндөртэй модыг 184.123 төгрөг, 3-4 метртэйг 244.170 төгрөг, 5-6 метртэй өндөртэйг 368.246 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харамсалтай нь, тус үнэлгээний дагуу аж ахуйн нэгжүүд шилжүүлэн суулгах модныхоо төлбөрийг төлөөгүй нь баримтаар ил болсон. Тухайлбал, өнгөрсөн жилийн баримтаас жишээ татахад, "Энх ногоон газар” ХХК Хүдэр сумаас 500 ширхэг нарс мод шилжүүлэн суулгаж авсан байдаг. Ингэхдээ 1.5-2 метр өндөртэй мод 300 ширхэг, 3-4 метрийн өндөртэй нарс 200 ширхгийг авах зөвшөөрөл авсан байдаг. Зөвшөөрөл олгох тухай бичигт бичигдсэнээр "Энх ногоон газар” ХХК нь 500 ширхэг мод авахаар 19.640.000 төгрөг төлсөн аж. Эдийн засгийн үнэлгээгээр тус компани нь 86.086.000 төгрөг тушааж модоо авах эрхтэй болох байсан. Гэтэл 500 ширхэг модыг 19.640.000 төгрөг буюу нэг модыг дунджаар 39 мянган төгрөгөөр бодож авсан байсан юм. Байгалийн ойн модыг 39 мянган төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хотод 380-600 мянган төгрөгөөр тушааж, их хэмжээний ашиг олдог билээ. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэргийг Хотын менежер, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга хоёрын санамж бичиг гүйцэлдүүлж байна гэсэн үг.
Тэгвэл бид Сэлэнгэ аймгийн сумдын ойн ангийн дарга нартай холбогдож, энэ жил урьдчилсан байдлаар хэчнээн мод шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн байгааг тодрууллаа.
МАНДАЛ СУМЫН ОЙН АНГИЙН ДАРГА Р.НАРАН: 1000 ГАРУЙ МОДЫГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА
Монгол Улс ойн сантай найман аймагтай. Тэдгээр аймгаас мод шилжүүлэн суулгах ажлыг эрчимтэй явуулдаг. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Алтанбулаг, Хүдэр, Баруунбүрэн, Мандал, Ерөө сумын ойгоос мод шилжүүлэн суулгадаг билээ.
Ийм учраас бид Мандал сумын Ойн ангийн дарга Р.Нарантай холбогдлоо. Тэрбээр "Одоогийн байдлаар шилжүүлэн суулгах модны тоо гараагүй байна. Өнгөрсөн жилүүдэд бид мод шилжүүлэн суулгах ажлыг орон нутаг дотроо хийж байсан. Тухайлбал, өнгөрсөн жил 100 гаруй мод шилжүүлэн суулгасан. Нийслэл рүү болон өөр аймаг руу мод зөөвөрлөөгүй гэсэн үг. Энэ жил ч ялгаагүй орон нутагтаа 1000 гаруй мод шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн тоо судалгааг гаргаад байна. Яамнаас шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгосон цагт энэ ажлыг хийнэ. Шилжүүлэн суулгасан модыг сумын ЗДТГ хариуцаж, усалгаа хийдэг. Бид борлуулалт хийж, ойн сангаасаа модоо зөөвөрлөдөггүй шүү. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэчнээн мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгохыг мэдэхгүй байна” гэлээ.
Уулнаас модыг ухаж авах үе шатыг Ойн тухайн хуулиар зохицуулаагүй. Зөвхөн Стратегийн орд газраас л модыг нүүлгэн шилжүүлж, ухаж авах боломжтой. Тодруулбал, эрчим хүч, авто замын төлөвлөгдсөн талбайг шатах талбайгүй болтол нь огтолж, ухаж авахаас өмнө шилжүүлэн суулгах ажлыг зөвшөөрдөг. Гэтэл компаниуд болон ойн ангийнхан сийрэгжүүлэх талбайгаас бус ойн захаас, хамгийн сортой гэсэн болгоныг ачиж явуулдаг нь нууц биш билээ.
ОРХОН БҮСИЙН СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ДАРГА Ч.БАЯР-ЭРДЭНЭ: ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МОДНЫ ТОО ГАРААГҮЙ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн сум дундын ойн анги нь Баруунбүрэн суманд байрладаг. Ойн ангийн даргаар нь Ч.Баяр-Эрдэнэ ажилладаг юм. Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумын иргэдийн хэрэглээний мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрөл олгож ажилладаг билээ. Бид түүнтэй холбогдож, тус бүсээс энэ жил хэчнээн мод шилжүүлэн суулгах нэрээр ачиж явуулахыг тодрууллаа.
Тэрбээр "Зургадугаар сарын 15-ны дотор ойгоос шилжүүлэн суулгах боломжтой газруудын судалгааг модны төрөл, тоогоор нь явуулах чиглэл ирсэн байгаа. Одоогийн байдлаар тоог нарийн гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Орхон бүсийн сумдаас хэчнээн модыг шилжүүлэн суулгах нь тодорхойгүй байна. Шилжүүлэн суулгах модны тоо хоёр хоногийн дараа тодорхой болно. Түймрийн халз зурвас байгуулах зориулалтаар л манай ойн ангиас мод шилжүүлэн суулгах газар зааж өгөх боломжтой. Өнгөрсөн жил шилжүүлэн суулгалт явагдаагүй. Сийрэгжүүлэх шаардлагатай нарсан ой бий. Тэндээс мод шилжүүлэн суулгах боломжтой” гэлээ.
Нэг үгээр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумаас мод шилжүүлэн суулгах ажил энэ жил хийгдэх юм байна. Гэхдээ одоогийн байдлаар хэчнээн модыг шилжүүлэн суулгах нэрээр ойн сангаас, захаас булгалаад аваад явах нь тодорхойгүй байна.
ЦАГААН НУУР СУМЫН СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ДАРГА Н.АМАРЖАРГАЛ: ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МОДЫГ ТООЛООД ИРСЭН
Бидний дараагийн холбогдсон хүн бол Цагаан нуур сумын сум дундын ойн ангийн дарга Н.Амаржаргал. Тэрбээр Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумын буюу энэ бүсийг хариуцсан ойн ангийн дарга юм.
Тэрбээр "Манай ойн ангийн алба хаагчид болон байгаль хамгаалагчид ойрын хэдэн өдрүүдэд Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумын боомтоор явж тооллого хийгээд ирсэн. Өнгөрсөн баасан гарагт явсан багийнхны тооллогын дүн хараахан гараагүй байна. Эхлээд хэмжилтээ хийж, тооллого хийдэг шүү дээ. Маргааш (өнөөдөр) Зүүнбүрэн суманд очиж тооллого хийнэ. Нэг хоногийн дараа шилжүүлэн суулгах модны тоо тодорхой болно. Өнгөрсөн жил Сэлэнгэ бүсээс шилжүүлэн суулгалт хийгдээгүй. Харин бэлчир бүсээс буюу Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумаас шилжүүлэн суулгалт хийгдсэн” гэлээ.
ХҮДЭР СУМЫН ОЙН АНГИЙН ДАРГА Г.ТАЙВАНБААТАР: ӨНГӨРСӨН ЖИЛ ОЙГООС МОД АВСАН "АМЬД ГАЗАР”, "ЭНХ НОГООН ГАЗАР” ХХК-ААС 550 ШИРХЭГ МОД ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТ ИРСЭН
Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд таван компани мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан байдаг. Тодруулбал, "Тод газар”, "Энх ногоон газар” "Амьд төгөл”, "Амьд газар” "Форест докторс” ХХК зөвшөөрөл олгож, уулын модыг зөөлгөсөн байдаг. Тус компаниуд нь ойн захаас мод булгалж, нүхийг нь онгорхой орхиод явсан билээ.
Тэгвэл бид Хүдэр сумын ойн ангийн дарга Г.Тайванбаатартай холбогдлоо. Тэрбээр "Одоогийн байдлаар өнгөрсөн жил Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгахаар авч явсан "Энх ногоон газар”, "Амьд газар” ХХК-аас хүсэлт ирүүлээд байна. Одоогийн байдлаар "Энх ногоон газар” ХХК 150, "Амьд газар” ХХК 400 ширхэг мод шилжүүлэн суулгах хүсэлтээ ирүүлээд байна. Сийрэгжүүлэх ёстой талбай манайд олон бий. Яг тэр газраас нь шилжүүлэн суулгаж чадна гэвэл зөвшөөрөл олгоно. Маргааш юм уу, эсвэл нөгөөдөр байгаль орчны байцаагч ойгоор явж газар зааж өгөх байх” гэлээ.
ХҮДЭР СУМЫН ОЙГООС АВЧ ЯВСАН МОДНЫ НҮХЭЭ БӨГЛӨӨГҮЙ БАЙНА
Өнгөрсөн намар Хүдэр сумын Шандын амнаас сугалж явсан модны нүх одоо хүртэл бөглөгдөөгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Угтаа бол тус сумын Ойн ангийн газраас холбогдож, шилжүүлэн суулгасан модны нүхийг бөглөсөн талаар мэдээлж байсан юм. Энэ талаар Хүдэр сумын ойн ангийн дарга Г.Тайванбаатараас тодруулахад "Өнгөрсөн намар буюу арваннэгдүгээр сард Тод газар”, "Энх ногоон газар” "Амьд төгөл”, "Амьд газар” "Форест докторс” ХХК-ийн удирдлагуудыг дуудаж уулзсан. Ингэхдээ нөхөн сэргээлтийн ажлаа хийх үүрэг чиглэлийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн. Одоо ч гэсэн онгорхой байгаа модны нүх бий. Бид шаардлага тавьж, нөхөн сэргээлтийн ажлаа хийж байж үйл ажиллагаагаа явуул гэдгийг хэлсэн байгаа. Байгаль хамгаалагчид явж, шалгалт хийхэд бөглөгдөөгүй нүх байгааг илрүүлсэн. Тус нүхнүүдийг гурван компани "Манайх, танайх” гэж дундаа хаясан асуудал байгаа” гэлээ.
Сэтгэгдэл