Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. "Өглөөний сонин"-ы сурвалжлах баг сурагчийн дүрэмт хувцас болон цэцэрлэгийн бүртгэлийн талаар өмнө нь сурвалжилж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сурагчийн хичээлийн хэрэгслийн үнийн талаар сурвалжлан хүргэж байна.
Ажлын өдөр хэдий ч Улаанбаатар хотын томоохон худалдааны гудамжууд хөл тавих зайгүй байлаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд гурван долоо хоног дутуу байгаа иргэдийн хувьд хичээлийн бэлтгэлийг хангахаар өөрт ойрхон томоохон худалдааны газруудыг зорьж байв. Улаанбаатар хотын хамгийн том худалдааны гудамж бол олны хэлж заншсан III, IV хороолол юм.
Замын хоёр талд эгнэн байршсан дэлгүүрүүдийн хувьд намрын хямдрал зарласан байлаа. Тус гудамжид алхаж байхад урдхан хэсэгт ээжийгээ хөтлөн алхах шинэхэн нэгдүгээр ангийн сурагч явж байв. Түүний ээжтэйгээ ярих ярианаас нь сургуульд суралцахаар догдолж буй нь илт. Гудамжид асар барьж, цүнх худалдаалах нэгэн эрэгтэй рүү очоод “Нэгдүгээр ангийн сурагчийн үүрэх цүнх байгаа юу” хэмээн асууна.“Байлгүй яахав дээ” хэмээн 50 эргэм насны худалдагч эрэгтэй инээж, хүүд таалагдах цүнхнүүдийг санал болгож байлаа. Энэ мэтээр цүнх худалдаалах асар, худалдааны төвийн лангуунуудыг тойрч, олон хүн зогсоно.
Хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг хангахдаа хамгийн эхэнд цүнх авна. Олон тортой зүйл барихгүйн тулд л эцэг эхчүүдийн хамгийн эхний зогсоол цүнхний худалдаачдын лангуу байдаг биз ээ. Төрөл бүрийн өнгөтэй, зурагтай, зураггүй, арьсан, даавуун, нэг мөртэй, хоёр мөртэй, том, жижиг гэх мэт олон сонголттойгоор цүнхийг худалдаална.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан цүнх 20-35 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан цүнх 45-160 мянган төгрөгийн ханштай байв.
Цүнх худалдаалж буй Б.Туяа “Цүнхнүүдийг өндөр үнээр зардаг. Мэдээж хэрэг хямд үнэ ханштай цүнх бий. Гэвч эдэлгээ болон материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байдаг юм. 10 мянган төгрөгөөр хямд цүнх зарж болох ч гэлээ эдэлгээ муутай, материал нь ч хэврэг байдаг. Тиймээс хэт үнэтэй, эсвэл хэт хямд цүнхийг борлуулдаггүй” гэсэн юм.
Мөн цүнх худалдаалах худалдаачин н.Гантулга “Бага насны сурагчдын загварлаг, олон өнгөтэй, цүнхэн дээрээ хүүхэлдэйн киноны дүртэй, гүнжтэй гэх мэт эгдүүтэй төрлийн цүнх хамгийн их зарагдаж байгаа” гэлээ.
ЭКСПОРТЫН ДЭВТРИЙГ УЛААНБААТАР ПРИНТЭЭС 250 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ХЯМД ХУДАЛДААЛДАГ
Цүнхээ худалдаж авсан иргэдийн хувьд дараагийн зогсоол нь бичиг хэргийн худалдааны хэсэг юм. Цүнх худалдаалах хүмүүстэй ижил хичээлийн бүхий л барааг эгнүүлэн өрсөн майхнууд олон байв. Иргэдийн хувьд шаардлагатай бүхий л бичиг хэргийг нэг дороос авахыг зорино. Энэ нь ч уртаас урт худалдааны гудамжид ажлыг хөнгөвчлөх давуу талтай зүйл. Бал, харандаа, дэвтэр, зургийн дэвтэр, хайч, өнгийн будаг, гортиг, шугам, баллуур гэх мэт төрөл бүрийн зүйлсийг лангуунд өржээ.
Хичээлийн гол хэрэгсэл болох дэвтрийг экспортын болон дотоодынх хэмээн хоёр ангилсан байв. Үнэ ханш нь ч хоорондоо зөрүүтэй. Дотоодын үйлдвэрийн дэвтрүүд экспортын дэвтрүүдээс үнэтэй.
Тухайлбал, дотоодын буюу Улаанбаатар принтийн дэвтэр 12 хуудастайн 350, 24 хуудастай нь 750, 36 хуудастайн 850, 48 хуудастайн 1100, 60 хуудастайн 1450, 96 хуудастайн 2500 төгрөгийн ханштай байлаа. Харин экспортын 12 хуудастай дэвтрийг 250, 24 хуудастай дэвтрийг 550, 32 хуудастай дэвтрийг 750, 48 хуудастай дэвтрийг 850, 60 хуудастай дэвтрийг 1100, 96 хуудастай дэвтрийг 1800 төгрөгөөр зарж байв. Экспортын дэвтэр дотоодод үйлдвэрлэдэг дэвтрээс 100-250 төгрөгөөр хямд байлаа.
Бичиг хэргийн худалдаачин Г.Б “Хэдийгээр дотоодын үйлдвэрийн дэвтэр экспортынхоос үнэтэй байгаа ч иргэд түлхүү дотоодын үйлдвэрийн дэвтрийг худалдан авдаг. Харин олон хүүхэдтэй айлын хувьд экспортын дэвтрийг худалдаж авах нь түгээмэл” гэсэн юм. Гурван охиноо дагуулан явах эмэгтэй гурван тор хичээлийн хэрэглэл худалдаж авсан байлаа.
Иргэн О.Ууганзаяа “Хичээл орох цаг болсон учраас бүх хүүхдүүддээ л хичээлийн хэрэгслийг нь авч өгнө шүү дээ. Манай гурван охин ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Тиймээс цүнх болон дүрэмт хувцсыг нь солихгүйгээр хичээлийн хэрэглэлийг нь худалдаж авч байгаа. Цүнх болон дүрэмт хувцасны үнэ өссөн учраас тэр л дээ” гэлээ. Мөн баллуур 800-1500, шугам 1000-1500, өнгийн харандаа 1.5-18 мянга, цавуу 1000-2000, хайч 2000-7500, үзэгний сав 6.5-13 мянган төгрөгийн ханштай байлаа.
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВД ДЭВТЭР 100-400 ТӨГРӨИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
III, IV хорооллын худалдааны гудамжнаас Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. Бөмбөгөр худалдааны төвийн бичиг хэргийн хэсэгт худалдан авагч харьцангуй цөөн байсан юм. Учир нь тус худалдааны төвд худалдаалж буй бичиг хэрэг III, IV хороолол болон Нарантуул худалдааны төвөөс үнэтэй байгаа ажээ.
Тус худалдааны төвийн худалдагчийн мэдээлснээр “Одоохондоо Бөмбөгөр худалдааны төвд бичиг хэрэг худалдаж авахаар ирэх хүн харьцангуй цөөн. Гэхдээ энэ сарын 20-ны өдрөөс хойш бичиг хэргийн үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Худалдан авагч ч нэмэгдэх болно. Мөн зарим газрууд сурагчдын болон цэцэрлэгийн багцыг ихээр гаргадаг болсон. Иргэд шалгаж худалдаж авахгүй бол зарим бараанууд нь чанаргүй, эдэлгээ даахгүй бүтээгдэхүүн хийсэн байдаг” гэлээ.
Бөмбөгөр худалдааны төвд 12 хуудастай дэвтэр 350-400, 24 хуудастай дэвтэр 800-850, 36 хуудастай дэвтэр 950, 60 хуудастай дэвтэр 1500 төгрөгийн ханштай байсан юм.
Үргэлжлүүлээд Баянзүрх захаар орлоо. Худалдан авагч харьцангуй цөөн байлаа.
Тус захын худалдагч “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нийт хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн. Дэвтрийн үнэ хамгийн их өссөн. Дэвтрийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор импортоор ирдэг дэвтрээс харьцангуй үнэтэй байна. Бидний зүгээс шалтгаалахгүй үнэ нэмэгдэж байгаа. Цаанаасаа ирэхдээ үнээ нэмчихсэн байгаа учраас 100-250 төгрөгөөр өссөн. Дэвтрээс бусад хичээлийн хэрэгслийг урдаас болон Солонгосоос оруулж ирдэг. Өдөрт дунджаар 140-150 гаруй хүмүүс ирдгээс 50 хувь нь зуун мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийж байна” гэлээ.
Харин иргэн Д.Б “Ерөнхийдөө бүх юмны үнэ өссөн байна. Өнгөрсөн жил 250 мянган төгрөгт хичээлийн хэрэгсэл авч байсан. Харин энэ жил 300 мянгаас дээш төгрөгөөр хичээлийн хэрэгсэл худалдаж авлаа” гэсэн юм.
Мөн зах худалдааны газруудаар төрөл бүрийн багц гарсан байлаа. Тэр дундаа нэгдүгээр анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан багцууд 60-200 мянган төгрөгийн ханштай байсан юм. Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдийн багц бага, дунд, ахлах бүлэг эсэхээс хамаарч үнийн дүн нь өөрчлөгдөх ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл