Эдүгээ манай дэлхий дээр 8 тэрбум шахам хүн амьдарч байна. 2000 жилийн өмнө дэлхий дээр 300 сая хүн л амьдарч байсан. 200 жилийн өмнө дэлхий дээр 1 тэрбум хүн л амьдарч байсан. Эдүгээ дэлхий дээр тэрбум давсан хүн амтай улс Хятад, Энэтхэг хоёр л байна.
Эдүгээ нэг жилд дэлхий дээр 155 сая хүүхэд төрж байна, 60 сая хүн үхэж байна. Нэг өдөрт 387 000 хүүхэд төрж байна, 150000 хүн үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 854 сая хүн өлсөж байна. 27 000 хүн өлсгөлөнгөөр үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 788 сая хүн ундны цэвэр усаар дутагдаж байна, 600 000 хүн ундны усны дутагдлаар үхэж байна. Эдүгээ дэлхий дээр нэг жилд 13 сая хүн халдварт өвчнөөр үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 45 сая эмэгтэй аборт хийлгэж байна. Эдүгээ дэлхий дээр жилд 1.0 сая гаруй хүн амиа хорлож үхэж байна. Эдүгээ дэлхий дээр нэг секундэд 3 хүн үхэж байна. Дайн, өвчин, өлсгөлөн, осол, амиа хорлолт, абортоос болж олон сая хүн үхэж үрэгдэж байна.
Дэлхийн бүх бүсгүйчүүдийн 70.0 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Дэлхийн бүх гэр бүлийн 75.0 хувь нь салж байна. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйл алдагдаж байна. Хорьдугаар зуунд гэхэд л нийтдээ 1200 дайн болжээ. Хорьдугаар зуунд дайнаас болж 260 сая хүн үхжээ. Яг одоо дэлхийд 40 гаруй том бага дайн болж байгаагийн хамгийн том нь Украины дайн болоод байна. Оросын түрэмгийлэгчид 6 сарын хугацаанд Украинд 4500 энгийн иргэд, 300 гаруй хүүхдийн амь насыг хөнөөгөөд байна, НҮБ-ын бүрэн эрхт тусгаар улс Украины Крым, Луганск, Донецк, Херсон, Запороже мужуудыг түрэмгийлэн эзлээд байна. Энэ дайнд 55 000 орос цэрэг амь үрэгдээд байна.Путин украины дайныг шатлан өргөжүүлж эдүгээ Орос даяар цэргийн дайчилгаа явуулж дайныг ээсэргүүцсэн ард түмнээ шоронд хийж дайны эсрэг нэгдсэн европыг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Хойд Солонгос Америктай хийсэн гэрээгээ зөрчиж цөмийн зэвсэг бүтээж пуужин хөөргөж цөмийн зэвсгээр азийг айлгаж байна. Дэлхийд хоёр зуугаад улс байдгаас хоёрхон улс л дэлхийг цөмийн зэвсгээр айлгаж арайхийж тогтоод байсан энх тайвныг бусниулж байна. Цөмийн зэвсгийг аль наяад оноос АНУ, Зөвлөлт улс хоёр гэрээ байгуулж хориглосон байсан. Гэвч одоо байдал өөр болоод байна.
Хүмүүс яагаад дайн хийж бие биенээн хөнөөдөг юм бэ?
Уур, шунал, их гүрний дээрэнгүй үзэл, геноцид. арьс өнгөөр ялгаваралах үзэл, соёл шашны зөрчил, хүчирхийлэл, буруу үзэл зэргээс болж улс гүрэн, хүмүүс дайн хийж байна. Энэхүү буруу үзлээсээ хүмүүс татгалзахгүй юм даа. Орчин цагт хүмүүсийн үзэн ядалт, буруу үзэл нь улам газар авч дэвэрсээр байна. Буддагийн ганц сургаалийг хүн төрөлхтөн хэрэгжуүүлсэн бол дайн сүйрэл болохгүй байх байсан. Тэр сургаал бол "Амьтны амийг таслахыг цээрлэх тухай” сургаал юм. Хүн төрөлхтөн анхнаасаа л хүнийн амийг хөнөөдөггүй, амьтны амийг тасалдаггүй байсан бол, уул, ургамал, ой мод, ус далай, хүрээлэн байгаа байгал орчноо хайрлаж хамгаалсан бол энэ дэлхий диваажингийн орон болж болох байсан. Одоо ч гэсэн Буддагийн энэрлийн сургаал ямар их гүн утгатай, ямар их энэрэнгүй, ямар их хүчтэй, ямар их үнэн байгааг хүмүүс бид алхам тутамдаа мэдэрч байна. Улс гүрэн, хүмүүс ямар их хөрөнгө хүчийг цэрэг дайнд зарцуулж байна вэ.
Дэлхийн зарим их гүрнүүдийн зөвхөн нэг жилийн / 2021 он / цэргийн салбарын төсвийг аваад үзье.
1.АНУ 801 тэрбум ам.доллар
2.Хятад улс 293 тэрбум ам.доллар
3.Энэтхэг улс 76.6 тэрбум ам.доллар
4.Британи улс 68.4 тэрбум ам.доллар
5. Орос улс 65.9 тэрбум ам.доллар
Ази, африкийн ядуу буурай орнууд өлсгөлөн ядууралд оршиж байж ямар их зардал цэргийн салбарт гаргаж байна вэ.
1.Бангладеш 2.7 тэрбум ам.доллар
2.Мьянмар 2.2 тэрбум ам.доллар
3. Нигери 2.1 тэрбум ам.доллар
4.Өмнөд Судан 1.4 тэрбум ам.долларыг нэг жилд цэргийн салбарт зарцуулж байна.
Дэлхийн улсууд бүхэлдээ нэг жилд / 2021 он / 2 их наяд 113 тэрбум ам.долларыг цэргийн салбарт зарцуулжээ. Ямар их хөрөнгө хүч вэ. Энэ бол дэлхийг бүхэлд нь ногооруулаад хүмүүсийг өвчнөөс нь салгачих хөрөнгө юм биш үү.
Гэтэл хүн төрөлхтөн одоо болтол өвчин, өлсгөлөн, дайн, тахал, усны дутагдлаасаа ч салж чадаагүй байдаг. Хүн төрөлхтөн хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнийг ч анагааж чадаагүй байдаг. Саяхан гэнэт гарсан ковид цар тахал манай дэлхийн 6 сая 540 000 хүний амь насыг авч одоод байна, 616 сая 587 000 хүн ковид тахлаар өвчилсөн байна. Анх чулуу, төмрөөр жад, хутга хийж байсан хүн төрөлхтөн эдүгээ цөмийн зэвсэг, тив алгасах пуужин, танк, нисэх онгоц, лазерийн хүчит зэвсэгтэй аймшигтай амьтад болцгоожээ. Дэлхийн их гүрнүүд дэлхийг хэдэн зуу дахин хөнөөх чадалтай зэвсэгтэй болжээ. Цэнхэр дэлхий маань өнөөдөр дарьтай торх шиг болжээ. Дэлхий дээр эдүгээ нийтдээ цөмийн хошуу 13 000 байгаа нь дэлхий өөрийгөө сөнөөхөд тун ойрхон байна гэсэн үг. Орчин үеийн цөмийн зэвсгийн ганц хошуу 1945 онд Японы хотууд дээр хаясан цөмийн бөмбөг / энэ анхны цөмийн бөмбөгний хүч 20 килотонн байсан/ -өөс гурван зуу дахин хүчтэй хор хөнөөлтэй болоод байна. 1 килотонн гэдэг 1000 тонн тротил дэлбэрсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Орчин үеийн атомын нэг бөмбөгний хүчин чадал 550 килотонн болоод байна.
Дэлхийд хамгийн их цөмийн хошуутай улс бол Орос улс юм. Одоогийн байдлаар дэлхийд хамгийн олон цөмийн хошуутай улсууд бол:
Орос улс 6255,
АНУ 5550,
Хятад улс 350,
Франц улс 290,
Британи улс 225,
Пакистан улс 165,
Энэтхэг улс 156 цөмийн зэвсэгтэй байна.
Хамгийн сүүлд Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй орон боллоо. Цөмийн зэвсгийг эдүгээ хэрэглэж цөмийн дайн дэгдээж болзошгүй орон бол Орос улс, Хойд Солонгос хоёр болоод байна. Өнөөгийн дэлхий цөмийн бөмбөгний том агуулах болжээ. Хэрэв нэг жилд хүн төрөлхтөн цэргийн салбарт зардаг 2 их наяд ам долларыг анагаах ухаан, шинжлэх ухаан, сургууль, эмнэлэг, орон сууц, бүтээн байгуулалтад зарцуулсан бол хүн төрөлхтөн өдийд диваажинд амьдрах бус уу. Хүн төрөлхтөн эдүгээ дэлхий дээр амьдрах нь аюултай болсон тул өөр гариг, өөр ертөнц рүү тэмүүлж эхэлж байна. Манай гаригийн хамгийн баян хүн буюу 219 тэрбум ам.долларын хөрөнгөтэй америкийн залуу бизнесмен Элон Маск хамаг хөрөнгөө сансар судлал, шинжлэх ухаанд зориулдаг.
Элон Маск: "Цөмийн зэвсэг манай гаригийг устгаж болзошгүй. Дэлхийд цөмийн дайн гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Удахгүй 2031 он гэхэд хүн төрөлхтөн Марс гариг дээр нисэн очиж тэнд станц байгуулж амьдрах болно” хэмээн ярьдаг. Илон Маск хувийн хөрөнгөөрөө олон удаа ашиглах "Falcon” пуужин бүтээж, дэлхий орчмын тойрогт "Dragon”, "MKC "хэмээх сансрын хөлөг бүтээж, энгийн хүн сансарт аялах боломжийг олгож байна. Удахгүй энгийн хүмүүс Сар руу нисэж, Марс гариг дээр очих цаг ойртож байна. Хорин нэгдүгээр зуун бол оюун ухаан, технологийн зуун юм. Хүний дундаж нас эдүгээ Японд 85 хүрээд байна. Удахгүй хүмүүсийн дундаж нас 100 хүрнэ. Хүн 100 жилд их юм бүтээж чадна шүү. Цөмийн дайн дэгдэж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөчихгүй бол хүн төрөлхтөнд хөгжлийн их ирээдүй байна даа.
Өвчин зовлон, дайн өлсгөлөнд үргэлж өртөж байдаг дэлхийг өөрчилж сайжруулах арга хүн төрөлхтөнд буй шүү.
Зовлонд живсэн дэлхийг Амар амгалан дэлгэрсэн дэлхий болгон өөрчлөе.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл