“Хазууулагч” этгээдийн овог хэн бэ


МАН эрх бариад 2 сар болох гэж байна. Энэ хугацаанд ялалт байгуулсан МАН төрийн албаныхны угшлыг судалж ялагдсан АН-ыг төрөөс үндсээр нь үгүй хийх төлөвлөгөө боловсруулсан бололтой. Үүнийг сонсоод нэгэн хошин шог санаанд орлоо. Нохойд хазуулаад эмнэлэгт ирсэн хүнээс эмч нь "хазуулагч этгээдийн овог хэн бэ, хазуулагч этгээдийн нас хэд вэ, хазуулагч этгээдийн хүйс нь ямар вэ?” гэх мэтээр нэг бүрчлэн маш нарийн тоочсон асуулт тавьдаг. Яг л үүнтэй агаар нэгэн адил төрд ажиллаж байгаа хүмүүсийг хэний хүн бэ, аль намын угшилтай вэ, хэзээнээс ажилд орсон, нас, хүйс зэргээр нарийн судалгааг гаргах үүрэг өгчээ. Үүргийн дагуу судалгааны ажил ч дууссан байна. Тэгэхээр 2008 оноос хойш ажилд орсон бөгөөд АН-ын хэн нэгэн оруулсан, АН-ын үед ажилд орсон хүн бүр "хазуулагч” этгээд болж байгаа нь тэр. Харин "хазагч" этгээд нь мэдээж МАН байж таарна.

Өнөөдөр 179 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Өмнө нь 140 мянга орчим албан хаагч байсан бол өнгөрсөн 4 жилд 40 мянгаар нэмэгдэж данхайсан гэх тайлбарыг МАН-ын зүгээс өгч байгаа юм. Харин энэ тоог дор хаяж 20 мянгаар цөөлөхөөр болжээ. Учир нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлснээр тэднийг тэжээх эдийн засаг монголд байхгүй гэнэ. Эдийн засагтаа ч биш, энэ бол АН-ыг үндсээр нь төрөөс арчих бодлого гэдэг нь хэнд ч ойлгомжтой байхад энэ мэтээр зохимжгүй тайлбар хэлж суух юм. 20 мянган иргэнийг цомхотголд орууллаа гээд эдийн засгийн ачаа хөнгөрнө гэж харж байгаа бол тэдгээр иргэдийн ар гэрт санхүүгийн ямар их хүнд дарамт бий болохыг бодолцож үзсэн болов уу. Баян, ядуугийн ялгааг багасгаж, чинээлэг өрхийг нэмэгдүүлэх МАН-ын мөрийн хөтөлбөр энд эсрэгээрээ хэрэгжих нь. Үнэхээр халаад зогсох уу, оронд нь төрлөө татах уу гэдэг нь яваандаа харагдах байх.

АН төр барьж байх хугацаандаа бас л халаа сэлгээ хийж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд үндэс үлдээдэг байж. Үүнийг МАН-ын хүмүүс өөрсдөө ч хэлдэг. Харин МАН энэ удаад хазуулах этгээдийн судалгааг маш нарийн гаргаж байгаа нь хомроголон цомхотгол хийхээр төлөвлөсөнтэй шууд холбоотой гэж харагдаж байна. Төрийн албан хаагчдыг төрлөөр нь ялгаварлан гадуурхах ажиллагаа цаашид хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Д.Билгүүн

bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.