Нэгэн цагт У.Хүрэлсүхтэй МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-нд хамт ажиллаж, тус холбоог хамт өөрчлөн байгуулалцаж, түүнийг "хормойдон” явсаар өдгөө УИХ-ын дарга буюу төрийн гурван өндөрлөгийн нэг болчихсон сууж байна. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын төрсөн эгч, дүүсийгээ төрийн албан дахь томилгоо болон Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй сүлбэлдсэн байж болзошгүй баримтуудыг дэлгэж байна.
Г.ЗАНДАНШАТАРЫН ЭХНЭР Г.ОТГОНГЭРЭЛИЙН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Ш.МӨНХНАСТ УЛСАД 130 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ЧИНГИС ХААН БАНК, ХӨГЖЛИЙН БАНКАНД 13.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ "МОНДУЛААН ТРЕЙД” ХХК-ТАЙ ХОЛБОГДОХ НЬ...
УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл "Часүм” ХХК, "Монитор консалтинг групп” ХХК, "Нэгүн кашмер” ХХК, "Гэрэлт монгол сан” ТББ-ыг эзэмшдэг. Түүний энэ компаниудаас "Нэгүн кашмер” ХХК нь ноос, ноолууран хувцасны "Нэгүн” брэндийг гаргадаг гэхээс өөрөөр бусад компанид нь онцгой түүх байхгүй. Гэхдээ Г.Отгонгэрэлийн бизнесийн хамтрагчид нь тун сонирхолтой хүмүүс байдаг ажээ.
Тодруулбал, Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн "Монитор консалтинг групп” ХХК нь "Эс Си Эм Би” ХХК-тай хамтран "Тара кашмер” ХХК-ийг саяхныг болтол эзэмшдэг байсан. Тэгвэл "Эс Си Эм Би” ХХК-ийг Шийрэвийн Мөнхнаст эзэмшдэг. Мөн Шийрэвийн Мөнхнаст нь "Мондулаан трейд” ХХК-ийг Ц.Баярсайхан, "Нүүдэлчин групп”-тэй хамтран эзэмшигч нэгэн.
Энэ компанийн хувьцаа эзэмшигчид бүгд асуудалтай. Тодруулбал, "Мондулаан трейд” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч "Нүүдэлчин групп” ХХК нь Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Лхамсүрэн, АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр нарын гэр бүлийн эзэмшлийн уул уурхайн компани гэдгээрээ танигдсан. "Мондулаан трейд” ХХК-ийн хар түүхийг олонд тоочвол дуусахгүй. Жишээ нь, тус компани 2018 онд "Баянголын аман дахь Зүүн шанд, Улаан шивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл”-өөр Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй хар түүхтэй.
Түүнчлэн, "Мондулаан трейд” ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь "Чингис хаан" банкны гол хувьцаа эзэмшигчдийн нэг. Чингис хаан банк нь улсад Нийгмийн даатгалын сангийн тэргүүтэй 280 орчим тэрбум төгрөгийн өртэй хар түүхтэй. Тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханы хувьд МАН-ын гишүүн Буднямын Батхүүгийн эхнэр. Тэгээд болоогүй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай дотно найзууд, нөхөр Б.Батхүү нь А.Соёлмаатай хамт "Ньюгоби гейт” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэтээр олон талаар холбогддог.
Гэтэл Хөгжлийн банканд 13.7 тэрбум төгрөгийн өртэй "Мондулаан трейд” ХХК, улсад 130 орчим тэрбум төгрөгийн өртэй "Чингис хаан" банктай холбогддог Ш.Мөнхнаст нь УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлтэй бизнесийн хамтрагч байх нь санамсаргүй тохиолдол байж болох уу.
Тэгээд болоогүй, "Чингис хаан" банктай холбогддог Сангийн сайд Б.Жавхланг Монголбанканд байхаас нь УИХ-ын дарга Г.Занданшатар дээш нь татсан, төрд оруулсан гэх яриа байдгийг ч дурдах нь зөв байх. Энэ мэт сэжмээр УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны зээлдэгч, улсад учруулсан хохирлоо төлдөггүй банк тэргүүтнүүдтэй хөшигний цаана "гар барьсан” байж болзошгүй баримтууд гарч ирсээр байна.
Түүнчлэн Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн бас нэг бизнесийн хамтрагчийг танилцуулъя. Г.Отгонгэрэл "Нэгүн кашмер” ХХК-ийг Батсуурийн Гансувдтай хамт эзэмшдэг. Б.Гансувд нь мөн "Гала кашмер” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд "Баянгол, XVII хороо, 4 хороолол, Амарсанаа, 40с, 93 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр иргэн Дэндэвбаатар Алтансүхийн эзэмшлийн гурван компани бүртгэлтэй байдаг бөгөөд бүгд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй.
Тодруулбал, Д.Алтансүхийн "Шижирмэг орд” ХХК нь "Элст хөндий- 1”, -Элст хөндий- 2” хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, "Буман алт” ХХК нь "Хөндий”, "Шар шороот” гэх хоёр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, гадаадынхантай хамтарсан "Жи би Лийз” ХХК нь "Их ажир” ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР "ХУУРАМЧ ДИПЛОМ”-ЫН ХЭРГЭЭР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАЙСАН ТӨРСӨН ЭГЧ Г.БАТЦЭЦЭГИЙГЭЭ ИНЕГ-ЫН ОНОШИЛГОО, ХЭМЖИЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН ДАРГААР ТОМИЛУУЛСАН УУ
УИХ-ын дарга Г.Занданшатар дөрвөн эгч, нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Тэгвэл түүний төрсөн эгч Гомбожавын Батцэцэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Г.Батцэцэгийг УИХ-ын даргын төрсөн эгч гэдгийг батлах баримт олон. Жишээ нь, Г.Батцэцэг өнгөрсөн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Чингисийн өвөлжөө” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. Тэгвэл уг компанийг УИХ-ын дарга Г.Занданшатар 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байжээ.
Г.Занданшатарын эгч Г.Батцэцэг нь ИНЕГ-ын харьяа Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн даргаар томилогдохоосоо өмнө цөөнгүй хэрэгт холбогдож, албан тушаалаасаа ч чөлөөлөгдөж явсан нэгэн. Гэтэл одоог хүртэл төрийн албанд дарга хийсээр байгаа нь төрсөн дүү Г.Занданшатарынх нь нөлөө байж болох.
Тодруулбал, Г.Батцэцэг өмнө нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байгаад 2015 оны есдүгээр сард чөлөөлөгдөж байв. Тухайн үед Г.Батцэцэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, садан төрлийн холбоотой хүмүүсийг өөрийн удирдлага дор ажиллуулж, цалин давхар олгож байсныг нь АТГ-аас тогтоосон гэдэг. Мөн хамгийн ноцтой нь 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр төгссөн гэх хуурамч диплом ашиглаж байсан нь илэрсэн гэдэг. Ингээд АТГ-аас Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн үеийн ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлж, улмаар Б/165 дугаар тушаалаар Г.Батцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.
ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн зорилготой. Тухайлбал, цаг уурын автомат станцын хэмжилт, тохируулга, радио, цахилгаан хэмжих хэрэгслийн тохируулга, барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн газардуулгын хэмжилт зэргийг хариуцдаг чухал хэсэг юм. Товчхондоо, хэрвээ Г.Занданшатар төрсөн эгчдээ албан тушаал "бэлэглэх” зорилгоор энэ албан тушаалд суулгасан бол Монголын нисэхийн салбарын амин судсыг хууль бусаар бусдын гарт атгуулжээ гэсэн үг юм.
ЭГЧ, ДҮҮСИЙНХЭЭ ХӨВГҮҮД БОЛОН БЭРД НЬ "ХАЛАМЖТАЙ” НАГАЦ АХ
УИХ-ын дарга Г.Занданшатарыг туслах, зөвлөхүүддээ тун элэгтэй, төрийн албанд завсар гарвал "шургуулчихаад” байдаг гэмтэй нэгэн гэлцдэг. Тэгвэл туслах, зөвлөхүүдээсээ гадна төрсөн эгчийнхээ хүүхдүүдийг ч төрд татах тун дуртай нэгэн. Тодруулбал, Г.Занданшатар төрсөн эгч Г.Баярсайханыхаа хоёр хүүг, төрсөн дүү Г.Оюунбатынхаа нэг хүүг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын их хурлын Тамгын газарт "шургуулж" амжжээ.
Г.Занданшатарын төрсөн эгч Г.Баярсайханы хүү Цэдэвсүрэнгийн Хүрэлшатар нь 2017 оноос УИХ-ын Тамгын газарт ажиллаж эхэлсэн бөгөөд Г.Занданшатарын туслах, зөвлөхийн албыг хашдаг юм байна. Эргэн сануулахад, 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан захидал Энэтхэг Улсаас ирсэн гэдэг. Тухайн захидлыг нээх үед үл мэдэгдэх химийн бодис ялгарч, туслах Ц.Хүрэлшатар нь хордсон тухай мэдээлэл цацагдаж, тухайн үедээ л дуулиан болж байв. Тухайн үед УИХ-ын Тамгын газраас "УИХ-ын дарга Г.Занданшатарын туслахын Ц.Хүрэлшатар ажлаа хийж байна. Биеийн байдал нь хэвийн. Захидлыг УИХ-ын даргад оруулж өгөөгүй” гэх тайлбар хэлж байлаа. Энэ хэргийг төрийн тусгай албанаас эхлээд холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа гэж мэдэгдэж, удалгүй мартагдсан байдаг.
Ц.Хүрэлшатарын эхнэр Дагвасамбуугийн Болортуяа нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд шинжээчээр ажиллаж байна. Ц.Хүрэлшатар, Д.Болортуяа нар "Спейшл даймонд” ХХК, "Гэгээ групп” ХХК-ийг тус тус эзэмшдэг ажээ.
Түүнчлэн, Г.Баярсайханы бас нэг хүү буюу Цэдэвсүрэнгийн Энхбаяр нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байх үед ЗГХЭГ-т ажиллаж эхэлжээ.
Харин бага хүү Ц.Энхтайван нь "Вайтхэндэд” ХХК, "Цогдог эрдэнэ” ХХК, "Ай Эм Жи И Спорт” ХХК-иудыг эзэмшдэг. Түүний компаниудаас "Вайтхэндэд” ХХК нь Нийслэлийн Гэрэлтүүлэг, урсгал засварын тендерүүдэд оролцдог юм байна.
Цаашилбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын төрсөн дүү Г.Оюунбат хүү, охинтой. Хүү Б.Хүрэлбат нь одоо Гадаад харилцааны яаманд ажилладаг. Сонирхолтой нь, Б.Хүрэлбат нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед ЗГХЭГ-т ажилладаг байсан. Өдгөө УИХ-ын дарга болсных нь дараа Б.Хүрэлбат мөн л УИХ-ын Тамгын газар ажиллаж байна.
Энэ мэтээр дурдвал, УИХ-ын дарга Г.Занданшатарын төрсөн эгч, дүүс, тэднийхээ хүүхдүүдийг төрийн албанд оруулсан томилгоонууд үүгээр тогтохгүй.
НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫГ "ЭЗЭЛСЭН” Г.ЗАНДАНШАТАРЫНХАН
Г.Занданшатарын гэр бүл болон ах, дүү нарыг Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарын "эзэд” гэж хэлж болно. Тодруулбал, Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл нь "Нэгүн кашмер” ХХК-ийн ерөнхий захирал. Тус компани зах зээлд "Нэгүн” брэндийн ноос, ноолууран хувцас худалдаалдаг. Өнгөрсөн жил "Токио-2020” олимпоос медаль хүртээд ирсэн тамирчдад УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэл үзүүлэхдээ эхнэрийнхээ "Нэгүн кашмер” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүнүүд бэлэглэж байсныг уншигч та санаж буй байх.
Тэгвэл Г.Занданшатарынхны ноос, ноолуурын салбар дахь брэнд үүгээр дуусахгүй. Тодруулбал, Г.Занданшатарын төрсөн эгч Г.Ганбатын нөхөр Чойжилсүрэнгийн Эрдэнэбат "Могол ноос” ХХК болон тус компанийн хэд хэдэн охин компанийг эзэмшдэг. "Могол ноос” ХХК нь эхэндээ ноосон утас, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг байсан. Улмаар Төв аймагт том үйлдвэртэй болж, өдгөө "Могол” брэндийн ноос, ноолууран хувцас зах зээлд нийлүүлж байгаа.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний хөнгөн үйлдвэрийн салбарт төрийн дэмжлэг хамгийн их хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр Г.Занданшатарын үүрэг дээрх компаниудад их байдгийг үгүйсгэх аргагүй. Ямартай ч, улс төрчид ихэвчлэн уурхайтай, барилга, банк санхүүгийн бизнестэй байдаг бол Г.Занданшатарынхан ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарын хоёр том брэндийг эзэмшиж байна.
Сэтгэгдэл