Г.ЗАНДАНШАТАРЫНХНЫ “ЗАСАГЛАЛ”


Г.ЗАНДАНШАТАРЫНХНЫ “ЗАСАГЛАЛ”

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д "Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна” гэж заасан байдаг. Өөрөөр бол, Үндэсний аудитын газар нь төрийн мөнгө, санхүүд хараат бусаар хяналт тавьж, татвар төлөгчдийн мөнгө зориулалтын дагуу, зөв зарцуулагдаж байгаа эсэхийг нягталж байх нэн чухал чиг үүрэгтэй байгууллага. 
 
     Тэгвэл төсөв, санхүүгээр дамжуулан төрд хяналт тавьж байх үүрэгтэй Үндэсний аудитын газарт УИХ-ын дарга Г.Занданшатарынхан "засагладаг” юм биш биз дээ гэсэн хардлага, хариу тайлбар болох баримт байна. Одоо дэлгэе. 

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА БУЮУ ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Я.САРАНСҮХ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХУД АЖЭЭ 

      УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд Үндэсний аудитын газрын дарга буюу Ерөнхий аудитороор тухайн үед Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч явсан Доржсүрэнгийн Занданбатыг томилсон байдаг. Ерөнхий аудитор Д.Занданбат өдгөө төрд "Г.Занданшатарын хүн” гэх хаягтай явдаг нь нууц биш. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын Үндэсний аудитын газар дахь "засаглал” зөвхөн Д.Занданбатаар тогтохгүй бололтой. Жишээ нь, Ерөнхий аудитор Д.Занданбатын орлогч буюу Тэргүүлэх аудитор Я.Сарансүх УИХ-ын дарга Г.Занданшатарын худ байжээ. 
       Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Ганбаярын Отгонгэрэлийн төрсөн ах Ганбаярын Бямбажавын хүү Б.Баасандорж нь өдгөө Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны даргаар ажиллаж буй ажээ. Б.Баасандорж нь өмнө нь "АПУ” компанид нягтлангаар ажиллаж байгаад 2018 онд Монголбанкны Нягтлан бодогч болж, улмаар Зээлийн мэдээллийн албаны дарга болж дэвшсэн юм байна. 
 
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын хадам дүү Б.Баасандорж нь МУГЖ Н.Ононгийн хүргэн ажээ. Харин Н.Ононгийн эхнэр буюу Б.Баасандоржийн хадам ээж нь Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын орлогч, Тэргүүлэх аудитор Ядамсүрэнгийн Сарансүх юм байна. Я.Сарансүх нь Нийслэлийн дотоод аудитын газарт ажиллаж байгаад өнгөрөгч онд гэнэт Үндэсний аудитын газрын орлогч дарга буюу Тэргүүлэх аудитор болж огцом тушаал дэвшсэн байдаг. Өөрөөр бол, Я.Сарансүх УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн төрсөн ах Г.Бямбажавтай худ ураг гэх хамаарлаараа хэлтсийн даргаас Тэргүүлэх аудитор болтлоо "томорсон” байхыг үгүйсгэх аргагүй харагдаж байна. Мөн МУГЖ Н.Онон энэ оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож, албан тушаал авсан. Төрд том артай болсных уу, "Төрөөс би төмөр гуйгаагүй” гэж томорч явах болсныг нь ч дурдах нь зөв байх. 
 
    Ингээд харвал, Үндэсний аудитын газрын дарга буюу Ерөнхий аудитор нь "УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн” хусавч арилахгүй хаягтай,  орлогч дарга буюу Тэргүүлэх аудитор нь УИХ-ын дарга Г.Занданшатартай худ ургийн холбоотой нэгэн болж таарч байна. Ийм байхаар УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндэсний аудитын газарт "засаглаж” байна гэхэд буруудахгүй болов уу. Сонирхуулахад, 2023 оны төсвийн төсөлд Тэргүүлэх аудитор Я.Сарансүх аудит хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар алх цохиж баталсан. Нэг нь аудит хийж алдааг нь хянаж, нөгөө нь алх цохиж баталсан гэж харвал Монголд тэдэн шиг эрх мэдэлтэй худууд байхгүй биз. 
 
     Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын дарга, орлогч буюу Ерөнхий аудитор, Тэргүүлэх аудитороор өөрийнхөө хүмүүсийг байлгах нь түүнд ямар ашигтай байж болох вэ. Энгийн жишээгээр бодоод үзье. УИХ-ын дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэлийн бизнесийн хамтрагч Шийрэвийн Мөнхнаст гэгч нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч "Мондулаан трейд” ХХК болон "Чингисхаан банк”-тай холбоо болохыг бид дэлгэсэн. Тодруулбал, Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл нь Ш.Мөнхнасттай хамтран "Тара кашмер” ХХК-ийг эзэмшиж ирсэн байдаг. Мөн Г.Отгонгэрэлийн төрсөн дүү Г.Бямбадоржийн эхнэр Б.Ундралын бизнесийн хамтрагчид нь Ш.Мөнхнасттай холбогддог баримтууд бий. Гэтэл Ш.Мөнхнаст нь Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч "Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Мөн төрд 280 орчим тэрбум төгрөгийн өртэй гэх "Чингисхаан банк”-тай холбоотой нэгэн. Өөрөөр бол, УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй холбоотой байж болзошгүй баримтууд гарч ирсээр байгаа.  Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй холбоо, сүлбээтэй эсэхийг хянаж, шалгах эрхтэй, үүрэгтэй хүмүүс нь Ерөнхий аудитор Д.Занданбат, Тэргүүлэх аудитор Я.Сарансүх хоёр. Холбоо, сүлбээтэй нь илэрлээ гэхэд түүний ачаар Ерөнхий аудитор, Тэргүүлэх аудитор болчихоод "нандин” нууцыг нь гадагш задруулна гэж үү. 
 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
https://ergelt.mn/news/175/single/27238

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.