Улаанбаатар төмөр зам (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн байгууллагад сахилга хариуцлага алдагдаж, хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ.
Тус сектор нь 30 нэгж, 490 багш ажилтантай. 5000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ болон Улаанбаатар хотын ойролцоо орших Ерөнхий боловсролын сургуульгүй зөрлөгүүдийн төмөр замчдын хүүхдүүдийг Сурагчдын дотуур байранд хүлээн авч, бүрэн дунд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг гэх Төмөр замын байгууллагын томоохон салбар нэгж юм.
Гэтэл тус байгууллагын дарга хууль тогтоомж зөрчиж, ёс зүйн ноцтой алдаа гарган, ажилтнууддаа дарамт шахалт үзүүлснээр тус байгууллагын хүний нөөцийн бодлого алдагдаж эхэлсэн тухай гомдол мэдээлэл байна.
Тухайлбал, Төмөр замчдын хүүхдүүдийн сургалт, хүмүүжлийн бодлого хариуцсан тус байгууллагыг толгойлж буй Л.Янжмаа гэх эмэгтэй нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын цагаар Хүүхдийн секторын байрандаа архидан согтуурч, эрүүлжүүлэх байрт хүргэгдсэн ноцтой зөрчил гаргажээ.
Тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлд, Ажлын байранд архидан согтуурах, үүрэгт ажлаас өөр төрлийн болон хувийн ажил хийхгүй байх гэж заажээ.
Харин тус заалтын 4 дүгээр зүйлд, ажил олгогчийн зүгээс ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүдийг дараах байдлаар тусгаж өгсөн байна.
Үүнд,
4.10.1 Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, энэ үйлдлийг удаа дараа давтсан бол,
4.10.2 Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ дотоод журам болон бусад хууль тогтоомжийг ноцтой, удаа дараа зөрчсөн тохиолдолд,
4.10.3 Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тус тус чөлөөлнө гэж заасан байдаг аж.
Хүүхдийн секторын дарга Л.Янжмаагийн ажлын байрандаа архидан согтуурсан эл үйлдэл нь ажлаас халагдах шалтгаан болж байгаа ч тэрбээр ажлаа хүлээлгэж өгөх байтугай дээрх үйлдэлдээ ямар нэг хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрчээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Л.Янжмаа нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарын дэмждэг хүн гэгддэг бөгөөд тэрбээр өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад сайдын үед Хүүхдийн секторын даргаар томилогдож байжээ.
Мөн тэрбээр Үйлдвэрчний байгууллагын даргын албыг давхар хашдаг ба Хүүхдийн сектор болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэсэн хоёр газрын санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурж, захиран зарцуулдаг аж.
Улмаар энэ эрх мэдлээ ашиглан санхүүгийн олон тооны зөрчилд холбогдож байсан ч байгууллагын Хяналтын хорооны гишүүдэд шахалт үзүүлж, нягтлан, эдийн засагч нарыг ажлаа өгөхийг шаарддаг тухай ч эх сурвалжууд хэлж байлаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүүхдийн секторын гурван ерөнхий нягтлан, хоёр эдийн засагч дарамтад өртөж, ажлаа өгсөн нь түүний захиран зарцуулж буй санхүүгийн асуудалд дотоод хяналт оруулж, нэн даруй аудит хийх бодит шаардлага бий болсныг харуулж байгаа хэмээн үзэх ажилтнууд олон байна.
Энд зарим жишээг дурдвал, Л.Янжмаа нь өнгөрсөн 2022 оны наймдугаар сард "Ган зам", "Бамбарууш" зэрэг цэцэрлэгүүдэд дохиолол тавих ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр "Оул Эм эн Жи" компанид өгсөн бол 2021 онд мөн тендер зарлахгүйгээр өөрийн хамаарал бүхий компанид олгож байжээ. Түүнчлэн дохиоллын систем тавиулах ажлыг тендергүйгээр нэг компаниар хийлгэсэн боловч төлбөрийг гурван өөр компанийн нэрээр гаргаж авсан байна.
2023 онд Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт "Мон сүү" ХХК шалгарсан боловч Л.Янжмаа нь хясан боогдуулах замаар удаа дараа дарамт учруулж байгаа гэх асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болоод байгаа ажээ.
https://news.zindaa.mn/4i0m
Сэтгэгдэл