Барилга хот байгуулалтын яам: Барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ


Барилга хот байгуулалтын яам: Барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ


Барилга хот байгуулалтын яамнаас хэвлэлийн бага хурал хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудын төсөвт өртөг 274 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

 

Мэдээллийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар өгөв.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцсон. Энэ ажлын тайланг бид Засгийн газар, УИХ-д танилцуулав.      


Ажлын хэсэг төсвийн ерөнхийлөн захирагч болох 16 яам, 8 захирагчаас нийт 1153 төсөл, арга хэмжээний санал авлаа. Улсын төсвийн бус эх үүсвэртэй, төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл, арга хэмжээг хассан. Ингээд тавдугаар сарын 12-ны байдлаар 1122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталсан. Ингэхэд 274 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт буюу гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл санхүүжилттэй харьцуулахад 15 хувиар өсжээ.       

Зарим аймагт ганц төсөвчин ажилладаг юм байна. Иймд тэр хүний ажлын ачаалал нэмэгдэж, компаниудыг хүлээлгэжээ. Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд амралтын өдрөөр ч ажиллаж байна. Бүх яамны санхүү хариуцсан дарга нараас бүрдсэн ажлын хэсгийг манай яамны дэргэд байгуулсан. Бид ойр ойрхон хуралдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлж буй олон компани магадлалд хамрагдах шаардлагатай ч маш хангалтгүй байна. Иймд бид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. Магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусна.           


Төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан жагсаалтад ирүүлсэн, өөрийн эрх хэмжээний болон эрх шилжсэн төсөл, арга хэмжээг БХБ-ын сайдын 75-р тушаалын хавсралтаар батлагдсан, "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журам"-ын дагуу ажлын тоо хэмжээний баталгаажуулалтыг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Барилгын хөгжлийн төв амралтын өдөр ч баталгаажуулалтыг хүлээн авна.

93 төсөл, арга хэмжээний баримт бичиг дутуу, хоцорсон,  224 төсөл, арга хэмжээний мэдээлэл огт ирүүлээгүй байна.

Бид гурван эх сурвалжаас барилгын материалын үнэ цуглуулан, дунджийг тооцон гаргасан. Харьцангуй бодитоор үнийг тооцсон. Барилгын тухай хуульд зааснаар бид барилгын материалын үнийг л үндэслэх эрхтэй. Иймд тоног төхөөрөмжийн гэх мэт бусад зардлыг хамруулаагүй. Бидний хийсэн тооцоогоор барилгын материалын үнэ 15 хувиар өсжээ.


Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзориг: Цементийн тээвэрт онгой анхааран ажиллаж байна. "МАК", "Хөтөл", "Монцемент" үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч ажиллалаа. "МАК цемент" компанийн 470 вагон, "Хөтөл"-д 365 вагон, "Монцемент"-д 340 асуудлыг УБТЗ-тай хамтран шийдсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байна. 

"Хөтөл"-ийн тухайд задгай цементээ есдүгээр сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.  Учир нь тус үйлдвэр хагас жил тутам төлөвлөгөөт завсрыг тээрэмдээ хийх ёстой байдаг. Шуудайтай цементээ хэвийн нийлүүлнэ. "Хөтөл" нийт зах зээлийн 25-30 хувийг хангадаг үйлдвэр.  Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон байлаа чө дотоодод цементийн хомсдол үүсэхгүй.    

Налайхад "Налгар түшиг" компани жилд 190 мянган тонн цемент мөн үйлдвэрлэдэг. Ховдод мөн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Баруун аймгуудын хэрэгцээг хангана. Одоо цементийн үнэ дунджаар 270 мянган төгрөг байна. Дээр дурдсан гурван үйлдвэр өөрсдийн борлуулалтын цэгээр л цемент худалдаж байна. Ингэснээр дамлан худалдахаас сэргийлсэн. Нэг шуудай цемент 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Цементийг жижиглэнгээр худалдан авах нь түгээмэл байдаг тул иргэд 22-ын товчоон дахь үйлдвэрийн борлуулалтын цэгээс цементийг хямд үнээр авах боломжтой.        
Барилгын гол материалыг татан авах, нөөц бүрдүүлэхийн тулд бид ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажиллалаа. Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татсан. Иймд арматурын үнэ огцом өссөнгүй. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн тал нь барилгын материал тээвэрлэжээ.  Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй. 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.