-Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс мал амьтны сэг зэмийг устгах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлагаа эхлүүлье.
Мал амьтны сэг зэмийг устгах асуудал бол мал эмнэлгийн уртчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг байдаг. Энэ утгаараа ч жил болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд зохион байгуулан хийдэг. Энэ жилийн хувьд ХХААХҮ-ийн яамны 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд, чанартай зохион байгуулах тухай” албан даалгавар гарсантай холбогдуулан МЭЕГ-ын даргын 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаар тушаалаар албан даалгаврыг хэрэгжүүлэх мал эмнэлгийн салбарын ажлын төлөвлөгөөг гарган 01/244 тоот албан тоотоор бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газруудад хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд Засаг даргын захирамж, шийдвэр гарч мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйтгэлийн ажилд шаардагдах ажиллах хүч, унаа тээвэр болон шаардлагатай бусад зардлыг шийдвэрлэж, уг ажилд орон нутгийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулах, олон нийтийн үүсгэл санаачилгыг өрнүүлэн ажиллаж байна.
- МЭЕГ аймаг, нийслэл, сум, дүүргүүдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ? Жишээ нь мал амьтны зүй бус хорогдлын тоон мэдээлэл болон аймаг сумуудад сэг зэмийн устгал хэдэн хувьтай явагдаж байгаа гэх мэт.
ХХААХҮЯ-ны МААБХЗГ-аас том малын зүй бус хорогдлын мэдээг авч аймаг, нийслэлийн МЭГ-аас 7 хоног бүр малын сэг зэмийн устгалын явцын мэдээ, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн мэдээ, тайланг авч яам, газрын удирдлагад танилцуулан ажиллаж байна. ХХААХҮЯ-ны 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн мэдээгээр том малын зүй бусын хорогдол 1.466.3 мянган толгой мал хорогдсоноос 284,5 мянган малын хүүр сэг зэм болон 3271 амьтны /золбин нохой,муур,зээр/ хүүр сэг зэмийг устгалд оруулсан.
- Одоогийн байдлаар аль аймаг малын зүй бус хорогдлын тоогоор их байна вэ?
Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай аймаг 341.9, Увс аймаг 217.6, Хэнтий аймаг 131.3, Завхан аймаг 121.9, Сүхбаатар аймаг 118.3 зэрэг нийт 932.0 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.5 хувийг эзэлж байна.
- Малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэх зэрэг арга хэмжээг авахад хүн хүчний нөөц болон хангамж хүрэлцэхүйц байж чадаж байгаа юу?
2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар халдваргүйтгэлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийтдээ 1.3 сая метр квадрат талбайд (870 ширхэг малын хашаа, хороо, саравч, 216 ширхэг худаг уст цэг, агуулах зэрэг объект) орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү арга хэмжээнд улсын хэмжээнд удирдах албан тушаалтан, малын эмч, байгаль орчны байцаагч, туслах, малчин, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан одоогоор 1300 орчим хүн хүчний нөөцтэй ажиллаж байна. Харин хорогдол ихтэй аймгуудад 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бодис, багаж хэрэглэгдэхүүнээр ханган дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
- Энэхүү даалгаврын биелэлтэд одоогийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа вэ?
"Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд, чанартай зохион байгуулах тухай” албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг 2023 оны долоодугаар сарын 25-ны дотор танилцуулахыг төрийн нарийн бичгийн даргад болон МЭЕГ-т тус тус үүрэг болгосон байдаг. Одоогийн байдлаар устгалын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Сэтгэгдэл