-Сайн байна уу? гэж мэндлэхийн завсар ажил гэж толгойтой үснээс их, бичиг цаасны ажлаас толгой өндийх завгүй байгаагаа, ийм ч тайлан, тийм ч "Цаасан буу”-нд дарагдсанаа чамирхан ярих нь далдуур "Чамайг бодвол ажилтай шүү!!!” гэж давхар хэлж байх санаа ажгуу.
Гэтэл ажил хийх тийм хэцүү дарамттай, сэтгэлийн шаналан мэт яриад явдгийг нь ч бас чимээгүй гайхах ч шиг. Ажилтай хүн амьдарч байгаа, ажилгүй хүн үхсэн хүн шиг болсон "Өрөөсөн нийгэм”-д амьдрахад:
-Тэр ажилд орсон гэнэ, тэр ажлаас халагдсан гэнэ гэх яриа иргэдийн дунд сарын сүүлийн өр зээлийн ярианаас ч илүү сонирхол ба анхаарлыг татна. Ажилд орсон бол яаж орсон нь сонин, ажлаас халагдсан бол яаж халагдсан нь хачин. Сонин хачин энэ яриа өөрөө их СОНИН, ХАЧИН…
АЖИЛГҮЙДЭЛ (Англи: Unemployment; Орос: Безработица) гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй.
Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа хүнийг ажилгүй хүн гэнэ.
АЖИЛ. Социалист нийгмийн үед ажил хийсэнгүй хийцгүйрлээ гэж албадан ажилд оруулдаг байсан бол орчин цагт ажилд орно гэдэг "Ардчилсан хувьсгал” хийхээс хэцүү болсон цаг. Яагаад гэж үү? Одоо сонин хачин тэр зүйлийн тухай ярья…
Чи үзэл санааны фронтын улаан, цэнхэр канттай бол ажилгүй болно гэж байхгүй. Нам чамайг чадахаас чадахгүй хүртэл чинь дэмжинэ.
Чи харин улаан, цэнхэр кантаа толгойноосоо авч хаях эрхгүй. Яагаад гэвэл улбар шар кант одоохондоо ажлын байр зарлаагүй байгаа учраас тэр юм. Ингээд нам чиний ажил олгогч болж чиний оюун санаа үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурагч болж хувирна. Айлтгүй дээ хө, ажилтай байхад арга нь олдоно…
Тэр яаж яваад ажилд орчихов оо л гэнэ. Хариу нь их амархан.
-Аан, тэр үү? Тэр даргын хамаатан гэсэн. Аан, тэгвэл аргагүй аргагүй гэх, эсхүл "Ургийн бичиг”-ийн хамгийн нарийн сэжмээр явсаар ямар ч байсан ажилд оруулахгүй л бол болохгүй тийм холын хамаатан садан нь ч байх. Хөдөө, орон нутагт бол энэ яриа, энэ үзэгдэл хэвшмэл зүйл.
Иргэд ч үүнд дасчээ. Ажилд орж чадахгүй ч мэргэжлийн үнэмлэхээ үе үе дэлгэн харагчдын хувьд дарга хамаатангүйдээ битүүхэн гуньж шүлсээ нэг том залгихад өдрийн "Өл дарагдана”. Гэхдээ чи ийм амархан санаа сульдах хэрэггүй. "Ургийн бичиг”-ээ сайн хөөвөл танай удамд нэг дарга байж л байгаа. Итгээрэй… Чи ажилд орох л болно. Амжилт хүсье…
Нутгийн хүү, унаган иргэд гэж нэг жалганы томилгоо байна аа, бас… Чи тэр нутагт төрж өссөн нь чиний ямар нэгэн ховор мэргэжилтэн, нарийн мэргэжлийнх байх нь хамаагүй. Учир нь чи тэр нутагт төрсөн. Жалганы хэдэн чулуугаа танина. Жалгандаа их юм хийнэ. Нутгаа гэх сэтгэлтэйг чинь түмэн мэднэ. Нутгаа гэх сэтгэл мөн ч ховорхон сэтгэл юм билээ. Яг одоо цагт…
Оруулга: Ажилгүйдэл залуучуудын дунд ихэсч, ахмад насныхан илүү ажиллах болсон нь ажиглагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай мэргэжил, ур чадвартай эрэлтийг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэсэн судалгааны үр дүн юм.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон тусгай мэргэжлийн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа ч ийм мэргэжлээр төгсөгчдийн тоо өсөлтийг нь гүйцэхгүй байгаатай холбоотой.
Ажилгүйдлийн үндсэн төрлүүд:
-Бүтцийн- Эдийн засгийн бүтцийн асуудлууд, үр ашиггүй байдал хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж, нийлүүлэлт эрэлтэд зөрөө гардаг.
-Сонгодог- Цалин зах зээлийн тэнцвэрт цэгээс өндөр тогтоогдсоноос болж ажил горилогчид эрэлтээс давдаг.
-Мөчлөгийн- Өөрөөр Кейнсийн гэж нэрлэдэг. Ажиллахыг хүссэн хүн бүрийг ажиллуулах боломжгүй буюу зах зээлд хангалттай нийлмэл эрэлт байхгүй үед үүсдэг.
-Зайлшгүй- Эдийн засгийн хэт их хадгаламж, муу хувийн хөрөнгө оруулалтаас болж ажиллагчид зайлшгүй ажлаас халагдаж, шинэ ажил олох боломжгүй болдог.
-Сайн дурын- Ажилтан нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл ажил хайж байх үеийн ажилгүйдэл юм.
-Нуугдмал- Албан ёсны статистикийн мэдээнд ороогүй ажилгүйдэл.
-Урт хугацааны- Европын холбооныхоор нэг жилээс дээш үргэлжилсэн ажилгүйдлийг хэлнэ.
За онол ч яахав. Захтай цамцаа индүүдэж өмсөөд, зуу дотор үнэлэгдсэн дипломоо өвөртлөөд гарахад ажилгүйчүүдийн эгнээнээс гарна даа гарна. Учир нь ажилгүйдлийг арилгана гэж дарга болгон ТАНГАРАГЛАСАН.
Аль ч нам хүчтэй байж болно. Энэ бол иргэдийн "СОНГОЛТ”. Гэхдээ ялгуусан нам эсрэг намын ба нам бусчуудын үзэл санаанд хориг тулгаж ажлын байрны дарамт үүсгэдэг нь ил болсон зүйл. Дагуур сэлгээ мөчлөгтэй учир мэргэжилтэн бүгд бэлтгэлтэй байдаг байх. Үзэл санааны "Зодоон”-ы ард бас л өрх гэр, үр хүүхэд, нийгмийн бүтцийн савалгаа үүсдэг нь хэнд ч ил. Нэгэн бодлын аймаар…
Гэвч "Зодоон”-д ялсан ч ялагдсан ч тэр, НАМ, улс төрийн хүчний зорилго нь Монголын ТӨЛӨӨ гэх… Гээд өөрсдөөрөө өөрсдийгөө бат бүрдүүлж бусад үзэл санааг гинжилсэн цаг үеүд үргэлжилж байна. Юун олон ургальч үзэл, юун хүнийг дээдэлсэн нийгэм, юун ажилгүйдлийг багасгах, юун олон юун… Өөр тамгатай бол манай худгаас битгий уугаарай гэх шиг тийм нэг шазууртай харилцаа их ажиглагдана.
Дарга нь яг дарга царайтай биш, цэрэг нь ч яг цэрэг царайтай биш. Учир нь бүгд хамаатнууд байх магадлалтай. "Шахаа”-ны хүмүүс бол ургийн дундах "Цус сэлбэлт”. Ам чанга учир ТЭР хүн маш сайн ажиллахыг нь дарга сайн мэднэ. Басхүү итгэнэ. Ажилтай болсон байхад чи итгэл алдах ёсгүй. Итгэлийг нь дааж ажиллах үүргийг хүлээнэ.
Мэргэжлийн "ДИПЛОМ”-той ч дарга хамаатангүй, сэхээтэн суртахуунтай ч "АЖИЛГҮЙ” байхад:
-Мэдлэг ихдэж
Мест багаддаг шүү надад гэсэн бодол минь гудамжны лаазыг ёолтол нь өшиглөчихөөд, уужимхан халаасандаа гараа нуугаад шүгэлдэн явахад сэтгэл өег дөө. Өөртөө амжилт хүсье. Би ажилд орно доо…
Сэтгэгдэл