4500 тарвага агнах зөвшөөрлийг хүчингүй болгосон


4500 тарвага агнах зөвшөөрлийг хүчингүй болгосон

 

Ойрын өдрүүдэд цахим орчинд "БОАЖ-ын сайдын тушаалаар 4500 тарвага агнах зөвшөөрөл олгожээ” гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ тушаал өнгөрсөн онд хүчингүй болсон юм байна. Тодруулбал, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор тус аймагт 1500, Баян-Өлгий аймагт 3000 тарвага агнуулах тухай А/299 тоот тушаалыг 2022 оын наймдугаар сарын 15-нд гаргасан аж. Гэвч Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул тухайн оны есдүгээр сарын 28-нд "Ахуйн зориулалтаар тарвага агнахыг хориглох тухай” А/391 тоот тушаал гаргаж өмнөх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, дээрх тушаалын дагуу тарвага агнаагүй гэдгийг БОАЖЯ-наас албан ёсоор мэдэгдлээ.

     Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1–д "Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 29.2.3-т "Тухайн нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгоно, 35.1-д Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно гэж заасны дагуу шийдвэр гаргажээ.

     Тарваганы тоо толгой олширсон үед халдварт өвчний гаралт ихэсдэг тул сийрэгжүүлэх зорилгоор агнах зайлшгүй шаардлагатай гэж эрдэмтэд үздэг. Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор,Увс, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, аймагт 2023 онд мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний байгалийн голомтын эпизоотын идэвх, хил хязгаар, төлөв байдлын тандалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар "Зооноз өвчин судлалын Үндэсний төв"-д 2997 мэрэгч амьтдыг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу олгосон байна. Харин бусад иргэн, аж ахуйн нэгж ахуйн зориулалтаар тарвага агнах хүчин төгөлдөр тушаал, зөвшөөрөл одоогоор байхгүй гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.