Зуны налгар өдрүүдэд хүмүүс орон нутгийн зүг хүлгийн жолоо залж буй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүр хамт олноороо ч явцгаана.
Аялал жуулчлал зөвхөн гадаадаас ирдэггүй гэдгийг эх орныхоо үзэсгэлэнт газруудыг үзэж амарч буй хүмүүс ярьж байна. Хэдийгээр хөдөө, орон нутагт хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж нутгийнхан орлого олох боломж бүрдэж байгаа ч хог хаягдал тэдний хувьд хамгийн хөндүүр сэдэв болжээ.
Энэ сарын 15-наас эхлэн Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайханы саравчны отоглох цэгүүдийн ойр орчмоос 17.5 тонн хог гарчээ. Мөн Хяргас нуур байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28 тонн хогийг цэвэрлэсэн тухай мэдээ ч байна. Хэдийгээр хүмүүс аялаж, амарч яваа ч ойр орчимдоо хог хаягдлаа гээхгүй байх хэрэгтэй юм.
Байгальд санаатай болон санамсаргүй, ил задгай хаягдсан хог хаягдлыг түүх, төвлөрүүлэх, тээвэрлэх нь өнөөдрийн хогны менежментэд тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болсон хэмээн “Гялгар уутгүй Монгол” ТББ-ын тэргүүн Б.Булган хэллээ. Тэрбээр орон нутагт хаягдсан хог хаягдлын нэг хүрэхгүй хувь нь дахин боловсруулагдаж, 99 хувь нь тухайн газрын хөрсөнд булагддаг. Хээр хаягдсан хогийг цуглуулах ачих, тээвэрлэх, хөдөлмөрийн хүч, ложистикийг шийдвэрлэх боломж одоохондоо байхгүй гэдгийг онцолсон юм. Тиймээс “Гялгар уутгүй Монгол”-ынхон 21 аймаг болон сумдад дахивар авах аяныг эхлүүлжээ.
Аялагчид аяллын үед цугласан хогоо сум болон аймгийн төвд тушаан мөнгө болгох боломжтой. Тухайлбал, ус, ундааны сав кг нь 400 төгрөг, гялгар уут кг нь 500 төгрөг, лааз 800 төгрөг, шил 300 төгрөгөөр худалдан авдаг байна.
Сонирхуулахад, аялагчид орон нутгийн иргэдээс хоёр дахин их хог хаягдал гаргадаг гэх судалгаа гарчээ. Аялагчдын орхиж үлдээсэн хог байгальд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд үхлийн аюул дагуулах эрсдэл ч үүсдэг байна. Эрсдэл зөвхөн хүнд үүсэхгүй, байгаль орчин, амьтан, ургамал гээд амьтай бүхэнд л нөлөөлнө. Тиймээс хэн нэгэнд гэмтэл, хохирол учруулахгүйн тулд хариуцлагатай байж ил задгай хог үлдээхгүй аялах хэрэгтэй юм.
Зарим хог байгальд задарч шимэгдэж дуустал хөрс, ус, агаарт сөрөг нөлөөллийг байнга үзүүлдэг. Тэр дундаа хуванцар сав баглаа боодол байгальд хэзээ ч бүр мөсөн задардаггүй. Хуванцар нь цаг хугацаа өнгөрөх тусам бичил, нано хэсгүүд болон задрах боловч байгальд огт шингэдэггүй. 20-хон минут хэрэглээд хаях хэрэггүй болсон зүйлс 200 жил ч оршин байна гэсэн үг.
Тиймээс аялагчид дор бүрнээ биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах ил задгай хогоо гээхгүй, тавтай сайхан аялцгаая хэмээн салбарын мэргэжилтнүүд, судлаачид уриалж байна. Энэ нь надад бас танд хамаатай, бодууштай асуудал. Зөвхөн аялаж явахдаа төдийгүй хот суурин газарт ч хог хаягдлын ангилж хаях дадалд суралцах хэрэгтэй юм. Хог болох зүйлээс татгалзах нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэж биологийн олон янз байдлыг хамгаалж, ирээдүй хойчдоо хэрэглэх нөөцийг нь үлдээх хариуцлагатай үйлдэл юм.
Хог хаягдлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг савлагаанаас татгалзах эсвэл ангилан тушаах нь түүхий эд материалын олборлолт ба үүнээс үүдэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг 37-100 хувь багасгадаг байна.
Хогноос ялгарах хортой бодисууд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, харшил болон архаг хууч өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс хогоо зориулалтын газарт нь тушаах, хогийн цэгт хаях нь ирээдүй хойчдоо үлдээх хамгийн том өв баялаг юм.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл