FT: Дараагийн төрийн эргэлт Камерун, Гвиней, Конгод гарч болзошгүй


FT: Дараагийн төрийн эргэлт Камерун, Гвиней, Конгод гарч болзошгүй

 

Африк тивийн Камерун, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Конго улсад эдгээр орнуудын улс төрийн тогтолцоо сул байгаад иргэд, эрх баригч элитүүд сэтгэл дундуур байгаагаас болж дараагийн төрийн эргэлтүүд гарах магадлал өндөр байна гэж “Financial Times” сонинд шинжээчдийн таамаглалыг эш татан бичжээ.

 

Африкийн зарим оронд Францын эсрэг үзэл улам бүр нэмэгдэж байгааг, мөн тэдгээр орнуудын удирдагчдын үйл ажиллагаанд иргэд, цэргийнхэн сэтгэл дундуур байгааг шинжээчид тэмдэглэж байна. Өмнөд Африкийн "Oxford Economics Africa" судалгааны төвийн судлаач Франсуа Конрадигийн үзэж байгаагаар, Камеруны 90 настай Ерөнхийлөгч Пол Бийяг иргэд нь "авлигачдын тоонд оруулдаг" байна. “Тэр бол олон арван жил төрийн эрх барьж байгаа, олны дунд нэр хүнд муутай ерөнхийлөгч юм. Тэр бас маш хөгшин, тойрон хүрээлэгчид нь түүний оронд төрийг удирддаг" гэж шинжээч хэлэв. Түүний хэлснээр, Бийя эрх мэдлээ хүү Фрэнкдээ шилжүүлэхээр төлөвлөж байгаа нь туйлын нэр хүндгүй алхам болно.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, түлхэгдэн унах хамгийн их магадлалтай удирдагчдын жагсаалтад багтсан дараагийн хүмүүс бол хэдэн арван жилийн өмнө төрийн эргэлтийн дүнд засгийн эрхэнд гарсан эсвэл хамаатан саднаа төрийн тэргүүн болгосон Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч Денис Сассу Нгуессо, Экваторын Гвинейн төрийн тэргүүн Теодоро Обианг Нгуема Мбасого, Тогогийн удирдагч Гнассингбе нар юм. Мөн Чад улсын Ерөнхийлөгч Махамат Идрисс деби Итно суудлаасаа түлхэгдэн унаж магадгүй байгаа бөгөөд түүнд харизм дутагдаж байна гэж шинжээчид үзэж байна. Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай холбоотой босогчдын бүлэглэл Чадын удирдагчийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байсан гэж АНУ-ын тагнуулын албаны баримт бичгүүдэд мэдээлжээ.

 

Баруун Африкийн Сенегал, Кот-д'Ивуар улсуудад төрийн эргэлт гарах магадлал бага байгаа боловч эдгээр улс дахь Францын нөлөөнд сэтгэл дундуур байгаа нь босогчдыг өдөөх хүчин зүйл болж магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Төрийн эргэлтийн үр дүнд унасан засгийн газруудын ихэнх нь Францын колони байсан бол Мали, Буркина-Фасо, Нигерт төрийн эргэлтийн удирдагчид Францын эсрэг өсөн нэмэгдэж буй үзэл санааны давлагаан дээр засгийн эрхэнд гарсан гэж FT сонинд бичжээ.

 

Британийн Ардчилал, хөгжлийн төвийн судлаач Афолабигийн хэлснээр, "цэрэг, улс төрийн элитүүд одоогийн дэглэмүүдийн хувилбаруудыг харж байгаа" нь илт байна. Харин Британийн “Chatham House” аналитик төвийн шинжээч Пол Мелли, түлхэгдэн унах хамгийн их магадлалтай байгаа удирдагчид одоо элитүүдийн дунд олон нийтийн хөрөнгийг хэрхэн хамгийн сайн хуваарилах талаар бодож эхэлнэ гэж үзэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.