"Петрочайна Дачин Тамсаг" компанид таван заалттай албан даалгавар хүргүүлснээс хоёр нь дутуу учир шүүхэд хандсан


"Петрочайна Дачин Тамсаг" компанид таван заалттай албан даалгавар хүргүүлснээс хоёр нь дутуу учир шүүхэд хандсан 
БОАЖЯ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр усны хамгааллатын бүсийн асуудлыг онцолж мэдээлэл өглөө.
 
Устай холбоотой зөрчлийн талаар БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох "Петрочайна Дачин Тамсаг” компани нь ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд 1,881,095,392 төгрөг, 2022 онд 1,484,492,096 төгрөг, 2023 оны гуравдугаар сарын байдлаар 286,276,992 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн боловч ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн.

Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн 5,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Тус компанийн ХIX талбайд зөвшөөрөлгүй худаг гаргасан байсныг лацаар битүүмжилсэн.

Засгийн газрын 2022 оны тогтоолоор газрын доорх усны төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байхад 2023 оны 1-3 сард ашигласан усаа хуучин тарифаар тооцож төлсөн байна. 19 дүгээр талбай дээр 214,707744, 21 дүгээр талбай дээр 92,490,528 төгрөгийг дахин тооцож, нийт 307 сая төгрөгийг төлүүлсэн байгаа.

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн бохир усыг "Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандарт”-ын Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээтэй харьцуулахад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) 3.6-4 дахин их,  умбуур бодис 33 дахин их, Исэлдэх чанар (ПИЧ ) 4.5-4.7 дахин их ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Уг зөрчилд 30 сая төгрөгөөр торгосон. Торгуулийг ААН барагдуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих үйл явц хийгдэж байгаа.

2022 онд хийсэн хяналт шалгалтаар 12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан асуудлыг дурдсан.

2023 онд хийсэн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан боловч зөвшөөрлийн хүрээнд дурдсан химийн бодисоос өөр нэр төрлийн химийн бодис ашигласан байж болзошгүй зөрчил илэрсэн. Энэ асуудлыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байгаа.

Зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулах үүрэг даалгаврыг ААН-д хүргүүлж буй. Ерөнхий байцаагчийн таван заалттай албан даалгавар хүргүүлснээс гурвыг нь биелүүлж, хоёр нь дутуу учир албадан гүйцэтгүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Зөрчлийг арилгуулах асуудал шүүхийн шатанд байгаа" хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Химийн бодисын агуулах, цэвэр усны байгууламжийг шинээр барих хоёр албан даалгавар дутуу байгаа. ААН-ийн зүгээс үйл ажиллагаа хийгээд явж байгаа мэдээллийг ирүүлсэн.

2022 онд хийсэн хяналт шалгалтаар химийн хог хаягдал, хугацаа нь дууссан химийн бодис ашиглаж байсан зөрчил илэрсэн. Тухайн үед уг химийн бодисуудыг эрх бүхий байгууллага устгалд оруулсан. ААН-д хугацаа нь дууссан химийн бодисын зөрчил байхгүй. Одоо тусгай зөвшөөрлийн жагсаалтад байхгүй гурван төрлийн химийн бодис авсан асуудал гарсан" гэв.

Түүний мэдээлснээр "Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577 тонн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339.58 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.